Thursday, January 23, 2014

Нийтийн эсрэг хуйвалдаан (not that I am conspiracy theorist :p)

Авилгал: ёс суртахуун, ёс зүй, хүн чанар, үр ашиг, хөгжил цэцэглэлийн дайсан. Хоёр жилийн өмнө John McMillan хэмээх Стэнфордын профессор бичсэн "Reinventing the Bazaar" гэх номноос зах зээлийн сул талууд, түүнийг хэрхэн зохицуулж, удирдаж байсан туршлагуудын талаар уншсан билээ. Энэ номны авилгалын тухай бүлэг надад авилгал, хээл хахууль яагаад "self-feeding" эсвэл "domino effect" байдлаар оршин тогтносоор байгаа талаар ойлгуулсан юм. 

Авилгал гэж яг л "бактери" шиг. Нэг эхэлвэл түүнийг "хомроголон" юу ч үгүй устгахаас нааш үгүй болохгүй, үржсээр байна. Эгээ л бусдад халдварлаж, тэр газар нутгийн өнцөг булан бүрт тархсаар, XIV зуунд дэлхийн талыг сүйрүүлж байсан тэр "Black Death" тахал мэт. Үүнтэй ижил нийгэмд авилгал гэж ор үгүй болохоос нааш энэ муухай зүйл нуугдан оршсоор байх болно.

***

Хуучнаар Зайрын ерөнхийлөгч (одоогийн Конго), Мобуту Сэсэ Сэко төрсөн нутгийнхаа эрдэс баялгаас хэд хэдэн тэрбум доллараар дээрэмдсэн гэдэг. Энэ их хөрөнгөө тэрээр өөрийн гэр бүлдээ зориулан том том харшууд барьжээ. Нэг нь Италийн хүрмэн чулуунд цэвэр алт шигтгэсэн шалтай, шөнийн цэнгээний газар, цөмийн хамгаалалт, арван таван мянган вино бүхий агуулах, хөгжимт усан оргилуурууд бүхий цэцэрлэгт хүрээлэн, ховор амьтдаас бүрдсэн амьтны хүрээлэнтэй. Мобуту ягаан вино шимж суухад улс орныг хамарсан асуудал, үйл хэргүүд бүр мөсөн цалгардсан байв. Ерөнхийлөгч нь тийн жаргаж суухад зэс, газрын тос, уран, алт, алмаз гэсэн үнэт баялагтай тэр орны ард түмэн нь харин өдрийн хоолоо залгуулах гэж аргаа барна...

Төр, зах зээлийн хооронд гүн гүнзгий зөрчил байдаг. Зарим үед энэ нь хэрээс хэтэрнэ. Хэдий тийм боловч засгийн газрын нэг чухал үүрэг нь зах зээлийн сул талыг засч, “замын цагдаагийн” үүргийг гүйцэтгэнэ. Хааяа төр зах зээлийг сүйтгэнэ. Нэг том жишээ нь Ерөнхийлөгч Мобуту. Харамсалтай нь ард түмнээ завшдаг улс төрчид, албан тушаалтнууд цөөнгүй. Засгийн газрын албатууд хахууль авч зах зээлийг бусниулж, зарим үед бүр зах зээлд оролцогчидтой нийлж жирийн иргэдийн эсрэг хуйвалдана. 

*** 

Орос улсын бизнес эрхлэгчид төрийн дарамтанд ажилладаг гэх. Тэндэхийн нэлээд төрийн зүтгэлтнүүд нь үнэнч шударга хэдий ч хэсэг бүлэг нь пүүсүүдээс тогтмол хахууль нэхэмжилнэ. Москвагийн нэгэн бизнесмен “Эндэхийн хаана ч явсан салбарын эрх ашиг мартагдаж, бүх үйл хэрэг хахуулиар явагдана. Тэд зөвхөн хувийн ашиг сонирхлоо л бодож, бүгд өөртөө тодорхой хэмжээний хөрөнгө үлдээхийг боддог” гэж санаа алдана. Байгууллагыг бүртгүүлэх, төрийн өмчийн барилгуудыг түрээсээр ашиглах, экспортын лиценз авах, улсын эзэмшлийн банкнаас зээл авах, татварын мэдүүлэг өгөх, аюулгүй байдлын шалгалтанд орох, бүр утасны шугам тавиулахад хүртэл нэг бэрхшээл нь хариуцах албатны халаасанд хийх "ёстой" дийлдэшгүй их мөнгө...

Хээл хахууль Оросын хамгийн эртний гэмт хэрэг бөгөөд эрх мэдэлтэн бүрийн ухамсарт “зуршил” болсон ойлголт ажээ. Жил бүр хууль сахиулагчид засгийн газрын албан тушаалтнуудын гурван мянга гаруй хахуультай холбогдох хэргийг илчилдэг. Үүнийг зүгээр л мөсөн уулын ил гарсан орой нь гэж хэлж болно. Тооцоогоор хахуулийн нийт хэмжээ нь засгийн газрын боловсрол, соёл шинжлэх ухаан, эрүүл мэндийн зардлаас их байдаг аж. Харин нийт бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүнгийн (ДНБ) таваас арван таван хувьтай дүйнэ. Улс төрийн шинжээч, Сергей Марков энэ байдлыг “Засгийн газрын алба хашаад хахууль авахгүй бол хүмүүс чамайг үнэнч гэхгүй ээ. Харин тэнэг л гэж бодно” гэж ёжтойгоор хэлсэн байна.

Пүүсүүд зөвхөн албан тушаалтнуудад хахууль өгөөд зогсохгүй ээ. Орос орон бол гэмт хэргийн бүлэглэлүүд хамгийн хүчтэй байдаг орны нэг. Тиймээс “хамгаалалт” болгож тэдэнд заавал мөнгө төлнө. Москвагийн нэгэн хууль сахиулагч аргаа барж “Мафиуд зах зээлд нэвтрэх гол суваг нь эрх мэдэлтнүүд байдаг. Тэд бидний гол дайсан. Мафийнхан бол дараагийн асуудал” гэнэ.

***
 
Эдийн засгийн ухааны тайлбарлах үндсэн ойлголтын нэг бол инсентив буюу хөшүүрэг. Хүмүүс хөрөнгө оруулалтаас хүлээх өгөөжөө бүрэн хүртэж чаддаггүй бол тэд хөрөнгө оруулалт хийж, шинэ бизнес эхлүүлэх сонирхолгүй болно. Нэг бодит жишээ нь 1990-д оны Оросын эдийн засгийн өсөлт Зүүн Европын орнуудаас хол хоцорсон байлаа. Үүний гол шалтгаан нь өмчийн эрх байлаа. 

ОУ-н судалгааны институтаас жижиг аж ахуйн нэгжүүдийг Польш, Украйн, Орос, Румын, Словак гэсэн 5 орноор харьцуулан судлахдаа байгууллагын менежерүүдээс хахуультай холбоотой асуудалд хэр их оролцдогийг нь асуусан байна. Эндээс Орос, Украйнууд бараг бүгдээрээ байгууллагын бүртгэл, аюулгүй байдлын хяналт шалгалтууд, татвартай холбоотой бүх ажил хэрэгт хахууль өгдөг хэмээн хариулсан байна. Харин Польш, Румын, Словакийн 20-40 хувь нь л хахууль байдаг гэжээ. Пүүсийн олсон орлогоосоо дахин хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь хахууль ямар хүрээтэй байгаагаас шууд хамаардаг нь энэ судалгаагаар харагдсан: хахууль төлөх хамгийн өндөр эрсдэлтэй пүүс бусдаасаа 40 хувиар бага хөрөнгө оруулалт хийдэг нь тогтоогдсон байна. Энэ бол хахуулийн эдийн засаг дахь сөрөг нөлөөний эмпирик жишээ.

Андрей Шлейфер, Роберт Вишни нарын онолоор төрийн албаныхан, тухайлбал, татварын нягтлан бодогч, гаалийн ажилтан, төрийн банкны зээлийн мэргэжилтэн, бизнесийн лиценз бүртгэлийн ажилтан бүгд байгууллагад тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх чадалтай учраас эрх мэдлээ буруу ашиглах хөшүүрэг бий болдог ажээ. 

Хэрэв тэрээр авилгал авч чадалгүй өнгөрөөвөл дараачийх нь авах нь тодорхой. Тэгэхээр нэг байгууллага гар доор нь ирсэн бол аль болох ихийг авахыг оролддог. Албаныхан бүгд ийм сонирхолтой учраас бизнес явуулах аргагүй байх нь ойлгомжтой. Энэ л тэр "domino effect" гээч нь болж байгаа юм.

More on the book: https://www.goodreads.com/book/show/90844.Reinventing_the_Bazaar

No comments:

Post a Comment