Thursday, January 23, 2014

Хуримтлалын талаархи Адам Смитийн тайлбар

Адам Смит эдийн засгийн өсөлт бий болоход хөдөлмөрийн хуваарийг онцолсон. Харин хөдөлмөрийн хуваарийн үр дүнд бий болсон өсөлтийг үргэлжлүүлэх хүч нь капитал хуримтлал болно. Смитийн өсөлтийн онолд нийгмийн гурван анги, газар эзэмшигч, капиталист ба ажилчид өөрсдийн орлогыг хуваарилж байгаа хэлбэрээр ялгардаг. Газар эзэмшигчид капитал хуримтлал хийх хөшүүрэг байхгүй учраас түрээсийн орлогоо бүгдийг нь хэрэглэнэ. Ажилчид амь зуух төдий цалин авдаг учраас ахиу хадгалах хандлага нь тэгтэй тэнцүү. Харин капиталистууд хуримтлал хийж, хөрөнгө оруулснаар бүтээмжийг өсгөж, нэгж бүтээгдэхүүнд ногдох зардлыг бууруулж ашгаа өсгөх сонирхолтой. Эндээс үзэхэд капиталистуудын сонирхол нийтийхтэй давхцаж байна. 

Смитийн хөрөнгө оруулалтыг юунд хийх талаархи тайлбарыг Рикардо, Милль зэрэг эдийн засагчид шүүмжилдэг байна. Үндэстнүүдийн баялаг II номонд хөрөнгө оруулалтаас бий болох үр ашгийг тухайн салбарт харъяалагдах бүтээмжит хөдөлмөрийн тооноос хамааруулж тайлбарласан. Хэдийгээр номны эхэнд хөдөлмөрийн бүтээмжийг дэлгэрэнгүй авч үзсэн боловч хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргахад үүнийг харгалзаж үзэх талаар дурдаагүй байна. Эндээс “Үндэстнүүдийн баялаг”-ийн тайлбарт эргэлзээ үүссэн. Гэвч түүний тодорхойлсон “бүтээмжит хөдөлмөр” гэх ойлголтод үйлдвэрийн ажилчдаас гадна бүтээмжийг багтаасан гэж  тайлбарлаж болно. Смитийн хувьд бүтээмжит хөдөлмөр гэдэг нь маш уян хатан ойлголт бөгөөд үүнд бүтээмжийг өсгөх багаж хэрэгсэл ч орно.

Смитээс өмнөх үеийн эдийн засагчид баялгийг хөдөө аж ахуй, арилжаа зэргээс үүдэлтэй гэж үзсэн. Харин Адам Смит хөдөлмөр буюу хүнийг баялгийг бүтээгч хэмээн олж харсан байна. Хүний гараар бүтээгдэх тэрхүү баялгийг хэрхэн илүү хурдан, үр ашигтай өсгөх нь капитал хуримтлалаар илэрнэ. Түүнийг хийх нийгмийн давхарга нь тухайн үеийн капиталистууд мөн юм.


Ном зүй
Ernesto Screpanti – “An outline of the history of economic thought” 2nd edition
Mark Blaug – “Economic Theory in Retrospect” 4th edition
Robert Heilbroner – “The Worldly Philosophers” 6th edition
Takashi Negishi – “History of Economic Theory Advanced Textbooks in EconomicsVolume-6

No comments:

Post a Comment