Thursday, January 23, 2014

Sir Ken Robinson: School kills creativity/Сургуулиуд бүтээлч чанарыг мөхөөх нь

Өглөөний мэнд. Сайн байцгаана уу? Энд сайхан байна шүү, тийм ээ? Энэ бүх зүйл хамаг сэтгэлийг минь хөдөлгөчихлөө. Ted Event дээр миний ярихыг хүссэн сэдэвтэй холбоотой гурван зүйл байдаг юм. Эхнийх нь, энд илтгэж буй бүх хүмүүсээс илрэх бүтээлч чанар, түүний өргөн хүрээ. Дараагийх нь, эдгээр бүтээлч сэтгэхүй бид бүхэнд ирээдүйд юу болж болох талаар хүлээх боломжгүй байдалд хүргэдэг юм.
Би боловсролын салбарт сонирхолтой, гэхдээ миний ажигласнаар бол хүн бүхэн л түүнийг сонирхдог. Тийм биш гэж үү? Надад их сонин санагддаг л юм. Та хэрэв үдэшлэг дээр өөрийгөө боловсролын байгууллагад ажилладаг гэвэл... –гэхдээ хэрвээ үнэхээр тэнд ажилладаг бол үдэшлэгт их явдаггүй байх л даа, ажилладаг бол танаас хэн ч үдэшлэгт явдаг уу гэж бараг асуухгүй л байх. Ямар ч байсан, үдэшлэг дээр хэн нэг нь танаас “Та юу хийдэг вэ” гэж асуухад та боловсролын байгууллагад ажилладгаа хэлэх юм бол тэдний царай нь цонхийгоод явчина даа. Тэгээд, “Ээ бурхан минь, яагаад би гэж? Бүтэн долоо хоногийн ганц үдэшлэгийн өдөр юмсан...” гээд л.
Хэрвээ та тэдгээр хүмүүсээс ямар боловсролтойг нь асуувал тэд таныг хананд хадчихаж магадгүй шүү. Учир нь боловсрол зарим хүмүүсийн эмзэг сэдэв, тийм биш гэж үү? Яг л шашин, мөнгө эсвэл бусад асуудлууд шиг. Би боловсролыг их сонирхдог, үнэн. Бид бүгд л тэгдэг байх. Боловсрол бидний хүрч чадамгүй ирээдүйн зорилгодоо хүрэхэд туслах учраас бид үүнд маш их сонирхолтой.
Бодоод үзвэл одоо сургуульд орж байгаа хүүхэд 2065 онд тэтгэвэртээ гарна. Ирэх таван жилд дэлхий яаж өөрчлөгдхийг хэн ч мэдэхгүй. Тэгсэн хэрнээ бид тэднийг тэр тодорхой бус ирээдүйд бэлдэж боловсрол олгодог. Тодорхой бус байдал тэгэхээр сонин байгаа биз.
Гуравдахь нь гэвэл, бид бүгд хүүхдүүдийн гайхамшигтай шинийг бүтээх чадварыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, урьд шөнө Сирена гайхалтай байсан, тийм биш гэж үү? Тэр гайхалтай, гэхдээ бүх хүүхдийн талаарх сэдвүүдийн хувьд бус тэр өөрөө асар их хүчин чармайлтаар гайхалтай онцлог авъяасаа нээсэн хүн. Миний бодлоор бол бүх хүүхдүүд асар их чадвартай. Гэвч бид түүнийг нь сэжимчгүй балладаг. Тиймээс би боловсрол болон бүтээлч чанарын талаар ярих гэсэн юм. Би бүтээлч чанарыг боловсрол, бичиг үсэг тайлагдалттай ач холбогдлын хувьд ижил бөгөөд эдгээрийг бүгдийг нь адилхан л эрхэмлэх хэрэгтэй гэж боддог.
Би саяхан зургийн хичээлд сууж байгаа жаахан охины тухай их сайхан түүх сонссон юм. Тэр 6 настай бөгөөд ард зураг зурж суухад багш нь түүнийг огт анхаарал хандуулахгүй юм гээд очин “Чи юу зурж байгаа юм?” гэж асуувал охин “Би бурхныг зурж байна” гэжээ. Багш нь “Хэн ч бурхан яаж харагддагийг мэдэхгүй шүү дээ” гэхэд охин “Тэд 5-хан минутын дараа харнаа” гэж хариулсан гэдэг.
Англид манай хүү 4 настай байхад – ... үнэндээ тэр хаа сайгүй л 4-тэй байсан л даа.. Ямар ч байсан тэр жил тэр явсан газар бүхэндээ л 4-тэй байсым. Хүү “Nativity” гэдэг жүжигт тоглож байв. Та бүхэн үүнийг мэдэх үү? Мөн ч сүртэй кино шүү. Мэл Гибсон хийсэн. “Nativity II”-г та нар үзэж байсан байж магадгүй. Манай Жеймс Жозефийн дүрийг аваад бид их баяртай байж билээ. Түүнийг нь бид гол дүрүүдийн нэг гэж бодсон юм л даа. Бид тэр газрыг “Жеймс Робинсон бол Жозеф” гэсэн бичигтэй подволк өмссөн нөхдүүдээр дүүргэсэн :D. Тэр их яриагүй л дээ, гэхдээ 3 хаан орж ирдэг хэсэг дээр бага зэрэг л ярьдаг юм. Тэд бэлэг сэлт, алт, хүж зэрэг зүйлс бариад ирдэг дээ.
Энэ үнэхээр болсым шүү. “Бид хүүгээсээ дараа нь зүгээр биз дээ?” гэтэл тэр “Тийм, яасан? Болохгүй байсан юм уу?” гэдэг байгаа. Тэгээд л бид энэ сэдвийг орхисон доо. Ямар ч байсан 3 хүү тайзан дээр гарч ирээд, эхнийх нь, “Би та нарт алт авчирлаа”, хоёр дахь нь, “Би.....”, гурав дахь нь “Франк намайг явуулсан” (Frankincense) гэчихэв.
Эдгээр тохиолдлууд юуг харуулж байгаа вэ гэхээр хүүхдүүд азаа үздэг. Тэд мэдэхгүй зүйлтэй таарвал оролдоод л үзнэ. Миний зөв биз? Тэд буруу зүйл хийхээсээ эмээдэггүй. Гэхдээ миний хэлэх гэсэн нь алдаа гаргах гэдэг нь бүтээлч чанар гэж байгаа юм биш шүү. Бидний мэдэхээр, бид хэрэв алдахаасаа айж байгаа бол хэзээ ч жинхэнэ чин сэтгэлээс юмыг хийдэггүй. Тэд өсч томрон, насанд хүрэхээрээ ихэнхи хүүхдүүд тэр чадвараа гээсэн байдаг. Тэд алдахаасаа айдаг болдог шүү дээ. Одоогийн байгууллагууд ч ингэж л ажиллаж байна.
Бид алдааг аюул гэж үздэг. Тэгээд бид өнөөдөр алдааг таны хийж болох хамгийн муу зүйл гэж үздэг боловсролын системийг хөгжүүлж байна. Үр дүнд нь, бид хүмүүсийн бүтээлч чанарыг боловсрол гэгчээр эвдэж байгаа хэрэг л дээ. Пикассо нэгэн удаа “хүүхэд төрөлхийн уран бүтээлчид” гэж хэлсэн байдаг. Асуудал нь гэвэл том болохдоо хэрхэн уран бүтээлч хэвээрээ үлдэх вэ гэдэгт л байгаа юм. Бид бүтээлч болж хөгждөггүй, гэхдээ бүтээлч чанараас хөгжиж, түүнээсээ боловсордог гэдэгт би бүрэн итгэдэг. Гэтэл өнөөдөр хүн төрөлхтөн яагаад ийм байдалд хүрчихэв?
Би Эвоны Стратфордд 5 жилийн өмнө амьдарч байлаа. Бид дараа нь Стратфордоос Лос Анжелэс руу нүүсэн л дээ. Стратфордын тэнд бидний амьдарч байсан нь Сниттерфилд гэж Шекспирийн аавын төрсөн газар л даа. Сонин санагдаж байна уу? Шекспир аавтай гэхээр? Шекспирийг хүүхэд байсан ч гэж бодоход сонин байна уу? Та нар ер нь түүнийг 7 настай байсан гэж бодож үзсэн үү? Би лав үгүй. Гэхдээ л тэр хэзээ нэг цагт 7-той байсан л байж таараа. Бодвол тэр нэг багшийн Англи хэлний хичээлд сууж байсан л биз, тэ? Ямар сонин санагдах бол оо? “Хичээх хэрэгтэй” гэж суутал, аав нь, “Виллиам Шекспир, одоо явж унт” гээл. Тэгээд “Үзгээ тавь, бас тэгж шүлэглэж ярихаа болиоч, хүн болгоныг төөрүүлээд”...
Заза, ямар ч байсан манай гэр бүл Стратфордоос Лос Анжелэс руу нүүлээ. Манай хүү явах дургүй байсан л даа. Би хоёр хүүхэдтэй. Манай хүү одоо 21-тэй, охин 16-тай. Тэр үед хүү маань Лос Анжелэст дуртай ч ирэхийг хүсээгүй юм. Найз охин нь Англид байдаг учраас ирэх дургүй байлаа л даа. Тэр хоёр үерхсний 4 сарын ой таарсан юм. 16 настнуудын хувьд урт хугацаа шүү дээ. Тэгээд хүү онгоцондоо суухдаа “Надад Сара шиг охин хэзээ ч дахиж таарахгүй” гэв. Бид үнэхээр баярласан шүү, үнэнийг хэлэхэд. Англиас явах шалтгаан нь тэр охин байсан юм чинь.
Гэхдээ та Америк эсвэл дэлхийн хаашаа ч явсан нэг зүйлийг ажиглана: Бүх боловсролын системүүд хүнийг ирээдүйдээ юу болохоос үл шалтгаалан хичээлүүдийг ялагварлаж, “ач холбогдлоор нь эрэмбэлдэг. Бүр бүгд шүү, гэхдээ тийм байж болохгүй. Та бодоод үзвэл тийм биш гэж бодож магад. Хамгийн эхэнд, математик, хэл, хүмүүнлэгийн хичээлүүд, хамгийн сүүлд нь урлаг, соёл. Хаа сайгүй. Тэгээд зогсохгүй урлагийн хичээлүүд дотроо эрэмбэлэгддэг гээд бод. Зураг, хөгжим хоёр ихэвчлэн жүжиг болон бүжгээс дээгүүр орно.
Энэ ертөнц дээр багш нар хүүхдүүдэд математик заадаг шигээ өдөр бүр бүжиг заадаггүй. Яагаад? Яагаад үгүй гэж? Минийхээр лав энэ чухал л зүйл. Математик миний хувьд чухал, гэхдээ бүжиг ч гэсэн адил. Хүүхдүүд боломж л гарвал бүжиглэдэг, бид ч бас. Бид бүгд биетэй биз дээ, тийм ээ? Би уулзалтаас хоцорчихов уу даа?Үнэнийг хэлэхэд, хүүхдүүдийг томроход нь бид тэднийг бүсэлхийнээс дээш хэсгийг л хөгжүүлдэг. Тэгээд толгойг нь л анхаардаг. Нэг талдаа их хазайсан.
Хэрэв та боловсролыг хар гаргийхны нүдээр хараад, “Энэ нийтийн боловсрол гэдэг чинь чухам яадаг юм бэ?” гэж бодоод, үүн дээр амжилт үзүүлсэн, онц дүнтэй хүмүүсийг хараад боловсрол гэдэг чинь их сургуулийн профессор бэлддэг юм байна гэж дүгнэх болно. Үгүй гэж үү? Би ч тэдний нэг байсан л даа. Надад тэд таалагддаг, гэхдээ, бид тэднийг хүн төрөлхтний хүрч болох дээд амжилтанд хүрэгчээр үргэлж төсөөлж болохгүй. Тэд чинь зүгээр л нэг хүний төрөл шүү дээ. Гол нь тэд сониуч л байгаа юм.

Миний үзснээр профессоруудын талаар нэг зүйл их сонирхолтой санагддаг. Тэд толгойн дотроо л амьдардаг. Тэд бараг л махан биегүй юм шиг байдаг, нээрээ шүү. Тэдний хувьд бие нь зүгээр л толгойтой нь холбодог зүйл мэт Биеэрээ уулзалтанд толгойгоо хүргэж өгдөг юм шиг Хэрвээ та үнэхээр биеэс гадуурх, матер бус зүйлийг үзэхийг хүсвэл нэг мужийн ахлах академчдын уулзалтанд суугаад, сүүлийн шөнө нь дисконд ороод үз Тэнд насанд хүрсэн залуус, бүсгүйчүүд биеэ хянах чадваргүй болтлоо цовхчиж байгааг харна – тэгээд та дуусахыг нь хүлээж байгаад харьж энэ сэдвээр судалгааны ажил хийж болно
Бидний боловсролын тухай ойлголт зөвхөн академик чадварын хүрээнд л хязгаарлагддаг. Шалтгаан нь гэвэл 19-р зуунаас хүртэл нийтийн боловсролын систем гэж байгаагүй. Тэгээд яг аж үйлдвэржилтийн үед үлдвэрүүдийн хүчин зүйлийн хэрэгцээг хангахаар бий болсон. Тэгэхээр үүний суурь нь хоёр гол санаанд тулгуурласан байгаа юм: 1-д. Ажилд хэрэгтэй боловсрол хамгийн тэргүүнд тавигдана. Тийм учраас л та багадаа хийх дуртай байсан зүйлээ мөнгө олох боломжгүй гэж бодоод хаясан тийм биз?
Битгий хөгжим тогло. Чи хөгжимчин болохгүй. Битгий зураг зур. Чи зураач болохгүй гээд л... Өгөөмөр л зөвлөгөө – гэвч энэ хамгийн том алдаа. Бүх дэлхий хувьсч байна шүү дээ. 2-д) Академик чадвар бидний оюун ухааны цар хүрээг дангаараа тодорхойлж байна. Яагаад гэвэл их сургуулиуд өөрсдийхөө дүр төрхөөр боловсролын системийг бий болгосон юм чинь. Та бодоод үз дээ, өнөөдөр нийтийн боловсролын системийг их сургуульд орохоор төсөөлж байна. Үр дүнд нь гэвэл, их авъяастай, ухаалаг, бүтээлч залуус өөртөө итгэлгүй болж, өөрсдийх нь хийдэг зүйл огт үнэлэгддэггүй юм байна гэсэн ойлголттой болно. Бид ингээд яваад байж болохгүй ээ.
Ирэх 30 жилд НҮБ-с тооцсноор өнөөгийн боловсролын системээр түүхэн дэх ний төгсөгчдөөс ч илүү хүн төгсөх аж. Илүү олон хүн гэдэг нь мэдээж л технологи, түүний ажилд үзүүлэх нөлөө, хүн ам зүй, хүн амын хурдацтай өсөлт зэргээс болж байна. Гэнэт л их сургуулийн зэрэг цол огт хамаагүй болчихлоо шүү дээ. Тийм биш гэж үү? Намайг оюутан байхад чи их сургуулийн зэрэгтэй бол ажилтай л гэсэн үг. Хэрвээ чи ажилгүй бол их сургуулийн зэрэггүй болохоор л тэр. Надад ч үнэндээ байгаагүй л дээ, шударгаар хэлэхэд.
Гэвч одоо зэрэг хамгаалсан хүүхдүүд ихэвчлэн гэртээ харьж видео тоглоомоо тоглохоор явчихдаг. Учир нь урьд нь нэг ажил бакалавртай байхыг шаардсан бол одоо мастер, дараа нь бүр докторын зэрэг шаардаж байна. Энэ бол боловсролын салбар дахь инфляци, тийм биш гэж үү. Үүнээс харахад боловсролын тогтолцоо бүхлээрээ өөрчлөгдөж байна. Бид оюун ухааныг арай өөр өнцгөөс харах хэрэгтэй байна.
Бид оюун ухааны талаар гурван зүйлийг мэднэ. Нэгд, энэ бол олон талтай. Бид ертөнцийн талаар бодохдоо өөрсдөд болж буй бүх зүйлийхээ өнцгөөс харахыг хичээдэг. Бид харж боддог, сонсч боддог, мэдэрч боддог. Бид хийсвэрлэн боддог, бид хөдөлгөөнөөр боддог. Хоёрт, оюун ухаан бол байнгын хөдөлгөөнтэй байдаг. Хэрэв та хүний тархин дахь харилцан үйлчлэлийн талаар бодоод үзвэл оюун ухаан маш идэвхитэй. Тархи хэдэн бүрдэл хэсгүүдэд хуваагддаггүй. Харин, бүтээлч чанар буюу ямар нэг үнэ цэнэ бүхий санаануудыг гаргах чадвар чадвар нь дээрхтэй ижлээр юмыг олон талаас нь харахаас ургаж гардаг.
Тархинд корпус каллосум гэдэг хэсгийн хоёр талыг холбодог мэдрэлийн холбоос байдаг. Эмэгтэйчүүдэд энэ нь илүү зузаан. Өчигдөр Хелэний хэлснээр магадгүй үүнээс болоод эмэгтэйчүүд олон ажил зэрэг амжуулж чаддаг гэж би боддог юм. Үүний талаар зөндөө судалгаа байдаг ч гэсэн би амьдралын туршлагаасаа үүнийг үнэн болохыг мэднэ. Хэрэв манай эхнэр гэрт хоолоо хийж байвал тэр утсаар хүмүүстэй ярина, ханаа будна,
Харин би хоол хийж байх юм бол хаалга хаалттай, хүүхдүүд гадаа, утас байрандаа байх ба тэр орж ирвэл би уцаарлана. Би тэгээд “Тэрри, би өндөг шарах гээд байна шүүдээ, намайг тайван байлгаач” гэдэг. Нээрээ та нар нэг хуучны философийн санааг мэдэх үү? Хэрвээ урьд нь хэний ч харж байгаагүй ойн мод унавал тэр мод оршин байсан уу? гэж. Тэрэнтэй ижлээр би нэг подволк харсан л даа. “Хэрвээ ямар ч эмэгтэй хүн сонсоогүй үед нэгэн эрэгтэй ойд юу боддогоо бүгдийг нь яривал бас л түүний буруу юу?”
Оюун ухааны талаарх 3 дахь зүйл нь гэвэл энэ маш тодорхой. Би одоогоор “Epiphany (урам зориг орох гэсэн утгатай)” гэсэн нэртэй, хүмүүсээс хэрхэн авъяасаа нээсэн талаарх ярилцлагууд оруулсан номон дээрээ ажиллаж байна. Тэгээд нэг эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас энэ номоо яаравчлах хэрэгтэйг сануулсан юм. Та нар түүний талаар сонсоогүй л байх л даа, Жиллиан Линн гэж мэдэх үү? Тэр бүжиг дэглээч бөгөөд түүний бүтээлүүдийг хүн бүгд мэддэг. Тэр “Муурнууд”, “Оперын сүнс” зэргийг хийж байсан л даа. Тэр үнэхээр гайхалтай. Би нэг хэсэг Английн Рояал Балетын удирдах зөвлөлд байсан юм л даа.
За тэр яахав, тэгээд Жиллиан бид хоёр хоолонд орж байхад би “Жиллиан, чи яаж байгаад бүжигчин болсон юм бэ?” гэв. Тэр үүнийг их сонирхолтой асуулт гээд, түүнийг сургуульд байхад тэр ямар ч найдваргүй болсон мэт санагдаж байснаа хэллээ. Тэгээд сургуулиас нь түүний эцэг эхэд “Бид Жиллианыг суралцах чадваргүй гэж дүгнэсэн” гэсэн захидал илгээсэн байна. Тэр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, үргэлжид тогтворгүй хөдөлгөөнтэй байв. Одоо цаг үед байсан бол магадгүй тэд Жиллианыг ADHD-тэй (Анхаарал хандуулах чадвар муу, хэт хөдөлгөөнтэй байх нэг төрлийн өвчин) гэж оншлох байсан биз. Үгүй гэж үү? Гэхдээ энэ 1930-д он байсан юм чинь ADHD гэж томъёолол бий болоогүй байсан байхлдаа. Болох л зүйл. Угаасаа хүмүүс ADHD-тэй гэдгээ мэдэж чадахгүйгээс хойш.
Ямартай ч тэр эмч дээр очлоо. Түүний ээж нь эмчтэй  Жиллианы сургууль дээр нь тохиолдоод буй асуудлуудын талаар ярилцах зуур тэр өрөөнд 20 минут гаран дээрээ суув.  Эцэст нь 8-хан настай Жиллианы бусдад саад болдог тухай, гэрийн даалгавраа хийгээгүй сургуульдаа очдог тухай бас байнга хоцордог тухай ярьсаар дуусахад эмч түүн дээр очиж “Жиллиан, би чиний талаар ээжийн чинь хэлсэн бүгдийг сонслоо. Одоо харин ээжтэй нь тусдаа нэг ярилцмаар байна” гэв.
Тэр “Жиллиан хүлээж байгаарай, удахгүй” гээд өрөөнөөс гарахдаа эмч ширээн дээр байсан радиог авч дуу тавиад гарав. Гараад эмч ээжид нь “Одоо зүгээр түүнийг хардаа” гэв. Тэд харж хэсэг зогссоны дараа Жиллиан босч, хөгжмийн аянд хөдөлж эхэлжээ. Хэдэн минут харсны дараа эмч “Хатагтай Линн, охин чинь өвчтэй биш харин бүжигчин юм байна шүү дээ. Түүнийг бүжгийн сургуульд оруул.” Гэсэн гэдэг.
Тэгээд юу болсныг асуувал, ээж нь түүнийг бүжгийн сургуульд оруулсан бөгөөд түүнд гайхалтай байсныг хэллээ. “Би тэр өрөөнд надтай ижилхэн зүгээр суудаггүй хүмүүсийн дунд орсон. Бид аливааг бодохын тулд хөдлөх хэрэгтэй байсан юм”. Тэд балет, товшлуурт бүжиг, жазз, орчин үеийн бүжгүүдийг хийж, эцэст нь Жиллиан Рояал Балетанд шалгаран ороод түүний балетын гайхалт карьер эхэлсэн байна. Рояал Балетын Сургуулиас төгсөөд тэр өөрийн “Жиллиан Линн Бүжгийн Компани” нэртэй өөрийн компаниа байгуулав. Ингээд түүхэн дэх хамгийн амжилттай хөгжмийн театр, продакшнуудын нэг болсон ба тэр сая сая үзэгчдэд таашаагдаж, хэдэн саяын хөрөнгөтөн болсон байна. Багад нь хэн нэгэн түүнд эмчилгээ хийж, тайвшруулахыг оролдох байсан байж магадгүй л юм.
Би одоо боддог юм....: Ал Гор өмнөх орой нь экологи болон Рейчэл Карсоны эхлүүлсэн хувьсгалын талаар ярьсан. Харин ирээдүйд байж болох цор ганц найдвар бол хүний чадварын талаарх ойлголтоо өөрчилж, түүний хязгааргүй их чадвар, бүтээлч байдлыг эрхэмлэх юм. Манай боловсролын систем бидний оюун ухааныг ямар нэг уурхайн нөөцийг хэрхэн ховх сорж болдог, түүнтэй ижлээр хоосолж байна. Ирээдүйд, энэ бидэнд туслахгүй ээ. Бид хүүхдүүддээ олгож буй боловсролын зарчмыг дахин тунгаах хэрэгтэй. Жонас Салкын нэгэн гайхалтай үг байдаг: “Хэрэв дэлхийн бүх шавьж уствал дэлхий дээрх амьдрал 50 жилийн дотор устна. Хэрэв хүн төрөлхтөн бүхлээрээ уствал 50 жилийн дотор дэлхий дээрх амьдрал цэцэглэнэ” гэж. Түүний зөв өө.
TED юуг чухалчилдаг вэ гэхээр хязгааргүйд халих хүний төсөөлөх чадвар. Бид гол нь энэ “бэлэгээ” ухаалгаар хэрэглэж, өнөөдөр ярьсан зарим зүйлсийг давтахгүйг хичээх хэрэгтэй. Харин үүнийг хийх гагцхүү ганц арга нь өөрсдийн бүтээлч чадвараа байгаагаар нь олж харж, үр хүүхдүүддээ ирээдүйн итгэл найдвараар нь харах юм. Бидний хийх ёстой зүйл гэвэл тэдэнд өөрсдийн итгэл найдвараасаа шинийг бүтээхэд нь туслах билээ. Баярлалаа.
Орчуулсан: Б.Ануударь

No comments:

Post a Comment