Thursday, January 23, 2014

Хиксийн ерөнхий тэнцвэр ба харьцангуй статик загвар



Хиксийн гол зорилго нь түр тэнцвэрээр эдийн засгийн тогтвортой байдал, харьцангуй статик чанаруудыг судлах байв. Түүний үзснээр эдийн засагт хугацаа хоорондын бус “түр” тэнцвэр оршин байна. Учир нь ирээдүйн талаарх тодорхой бус байдал хугацаа хоорондын шийдвэр гаргалтыг боломжгүй болгоно. 

Хиксийн түр тэнцвэрийн загварыг гаргахад тавьсан үндсэн нөхцлүүд нь: (1) хэрэв харьцангуй үнэ өөрчлөгдөөгүй бол бүтээгдэхүүнүүдийг нэг бүтээгдэхүүн гэж ерөнхийлж болно,  (2) харьцангуй статик, чанарын дүгнэлтүүд нь тэнцвэрийн тогтвортой байдлыг хангах нөхцлүүдийг судлахад ашиглагдана /Капитал ба үнэ цэнэ, 1939/. Тэрээр цаг хугацааг үеүдэд хэсэгчилж, түүнд харгалзах статик тоон мэдээллийг хүлээлттэй хослуулан ашигласан. Ингэснээр хугацааны нэг үе дэх тэнцвэрийн статик загварыг томъёолжээ. Эндээс үзвэл эдийн засгийн ерөнхий тэнцвэр бол өмнөх үеийн капитал хуримтлал, технологийн дэвшил, хэрэглэгчийн таашаалын өөрчлөлт, хүлээлт зэргээс хамаарч тогтдог дараалсан ялгаатай тэнцвэрүүд болно. Энэ шалтгаанаар эдийн засагт үргэлжид зөвхөн түр зуурын тэнцвэрүүд л тогтдог байна. Хаекийн үзснээр эдийн засгийн динамик шинжилгээгээр тэнцвэрийг судалхад логикийн учир дутагдалтай. Тэр “өөр хугацааны үеүд дэх бараа хэрэглэгчийн хувьд нэг бараа биш” гэжээ[1].

Хэрэв ирээдүйн барааны зах зээл гэж байдаг бол хугацаа хоорондын шийдвэр гаргах бүрэн боломжтой. Харин хэрэглэгч ирээдүйн үнэ, өөрийн таашаал, орлогоо бүрэн мэдэхгүй үед барааны ирээдүйн эрэлтийг үүсгэж чадахгүй юм. Бодит байдалд эдийн засгийн агентууд ирээдүйд юу болохыг тодорхой мэдэхгүй учир ирээдүйн хэрэглээний хуваарилалт байх боломжгүй. Иймээс хугацаа хоорондын тэнцвэр бус түр зуурын тэнцвэр л эдийн засагт тогтоно.


[1] Screpanti, Zamagni “An Outline of the History of Economic Thought”, 2005

No comments:

Post a Comment