Saturday, May 10, 2014

Сэтгэл зүйн мөчлөг

Юу хийх ёстойгоо мэдэхгүй тээнэгэлзэж, "өөрийгөө олох" гэсэн нэртэй, наддаа л хэцүүхэн үүргийг өөртөө даалгасан. Хамгийн хэцүү эрэл хайгуул бол өөрийгөө олох гэж үнэхээр үнэн үг мэт. Өөрийгөө олоогүй үед хэн нэгний нөлөөнд амархан автаж, бусдаас сэтгэл санаагаараа хамааралтай, өөртөө зориулж урт хугацааны шийдвэр гаргах сэтгэл зүйн тэнхээгүй, өөрийн юу хийх, хийхгүйг шийдэж чадахгүй болж, өдөр бүр ямар нэг жижигхэн цохилтонд орж, өөрийн биеэ хэн нэгний хэлсэн үг, хандлагын бай болгоно... 

Гаднаа өөртөө итгэлтэй, бусадтай хамт инээлдэхийг, тэдэнтэй л ижлээр өөрт тохиолдсон явдлаа ярьж, бусдын анхаарлыг татахыг чимээгүйхэн хүснэ. Тэгэх гэж чармайна. Эсвэл улам дотогшоогоо тэмүүлж, хүний өөдөөс эгцэлж харах зориггүй болоод, "inferior complex" гэгчийг хөгжүүлж, бусдаас бодитоор бүр ч их хамааралтай болно... Арай л утгагүй зүйл. Хаана ирчихснээ, яагаад энэ замыг сонгосноо, яагаад бусадтай бусдын адил харилцаж чаддаггүйдээ, яагаад би зүгээр л бусадтай ижилхэн "жирийн" биш юм бол гэж толгойгоо дэмий гашилгана...
Anaïs Nin on Life
Diary excerpts selected by Maria Popova, illustrated by Lisa Congdon. Details and prints at the link.

Хэн нэгэн гаднаас нь харахад дутаж, шаналах зүйл байхгүй харагдаж болно. Гэвч дотоод сэтгэл нь хоосон мэт эсвэл тогтворгүй (kind of like bipolar), өдөр тутмын хүмүүсийн харилцааг хэт гүнзгийрүүлж, өөртөө тусгаж бодох, хэн нэгэн хүний өнгөцхөн хэлснийг улам хүндрүүлэн ойлгох гээд л сонин зүйлсийг өөрийн эрхгүй хийгээд л. Өөрөө өөрийгөө тамлах мэт. Байсхийгээд л огторгуйд орших хар нүхэнд ууссан одой гараг шиг харанхуй, живэх мэт мэдрэмж (sinking feeling) төрнө. 

Гэхдээ заавал ийм state-д орж үзсний дараа сэтгэл зүйн дархлаа хөгжиж, илүү тусгаар тогтносон байдлаар өөрийхөө талаар хувь хүн, бие хүн болохын талаар тунгааж, ойлгодог юм болов уу? Магадгүй тэр state-дээ гацаад үлдчихэж ч болмоор. Өөрийн мөрөөдөлд хүрч чадалгүйгээр, зүрхээ үхүүлж, "шидтэний малгайнаас цухуйх туулайн үсэнд" улам шигдэж, өдөр тутмын богино хугацааны амьдралаар амьдарч, comfort zone-доо үлдэх магадлал тун өндөр.

Тэгэхээр эцсийн шийдэл мөн л нөгөө cliche болсон, "өөрийн дуртай зүйлийг олоод түүнд хүрэхийн төлөө зүтгэх". Гэхдээ тэр процесс нь ямар байдаг талаар яригдах нь ховор юм даа. Энэ хугацаанд нь түлхэх, зэмлэх, урамшуулах, дутагдлыг үнэнээр шүүмжлэх, дотор нь нуугдах гэрлийг асааж чадах багш хүн тэр хүний хувь заяанд голлох нөлөөг үзүүлэх юм гэж дүгнэвэл хилсдэхгүй л болов уу. (Заавал нүдний шил зүүсэн, сургуульд хичээл заадаг багш биш л дээ...)

Гэвч гол нь: Оч үсэрэхэд дүрэлзэн асах бамбар лугаа байх. Нойтон мод шиг нөхөд рүү бензин цацаад ч асахгүй. (Credits to AP).