Sunday, February 9, 2014

LUNANOMICS III

Энэ удаагийн нийтлэлдээ цагаан сарыг түгээмэл тоон мэдээллийн хүрээнд инферентал буюу тайлбарлах статистикуудын хүрээнд авч үзлээ. Эхлээд нь ЦС баяраар гардаг зардлуудыг тус тусад нь авч үзье. Энэ хугацаанд маш их шууд зардал гарахаас гадна шууд бус (алдагдсан боломж – АБӨ гэх мэт) зардал гарч болно.

Макро түвшинд. Цагаан сарын үеэр ихэнхидээ 3 хоног (амралтын өдрүүд орохгүй) амардаг билээ. Энэ амралтын хугацаа нь нөгөө талаас алдагдсан “бүтээмжийн” өртгөөр илэрхийлэгдэнэ. Тухайлбал, хэрэв цагаан сарыг тэмдэглэхгүйгээр ажиллацгаасан бол ямар хэмжээний баялаг нэмж бүтээж болох байсан бэ? Баярыг тэмдэглэснээр ойролцоогоор хичнээн хэмжээний баялаг үгүй болж болох вэ?

Улсын хэмжээнд бүтээмж ҮСХ-н мэдээллээр 5100 төгрөг байдаг байна. Харин манай орны ажиллах хүчин 1.05 сая байдаг бөгөөд энэ ажиллах хүчний 3 хоногийн турш 8 цагаар ажиллаад бүтээх баялаг байхгүй болно гэж барагцаалж үзье. Тэгэхээр ажиллах хүчний АБӨ = нийт ажлын цаг*бүтээмж*нийт ажиллагсад = 8*3*5100*(1.05 сая) болно. Эндээс нийт ажиллах хүчний АБӨ бараг 129254400000 (129 тэрбум төгрөг) болж байна.

Микро түвшинд. Mongolian Economy сэтгүүлд хэвлэгдсэн мэдээллээс нэг өрх цагаан сарын бэлтгэлд хамгийн багадаа 2 сая төгрөг зарцуулдаг ажээ. Ойр хавийнхаа айл өрхүүдийг ажиглаад байхад ч ер нь 2 сая гаруйг зоолттой зарж байна.
  • Дунджаар гэр бүлүүд золголтонд 100-200 мянган төгрөг зарцуулдаг.
  • Бууз баншны хувьд 30-40 насны гэр бүлүүд дунджаар 600-800 бууз хийдэг. Харин настайчууд ирэх зочдынхоо тооноос хамаараад 1500-2000 бууз хийдэг ажээ.
  • Зөвхөн ууц 150000-с 450000 төгрөгийн үнэтэй байдаг.
  • Ул боов нэг ширхэг нь 1800, 15 ширхгээрээ 27000. Еэвэн нь болохоор 7000 төгрөг.


Ингээд л тухайн гэр бүл яаж тэмдэглэхээс хамаараад нийт шууд зардал бол зоолттой 3 сая гараад явчихаж байна. Энэ нь нөгөө талаасаа дундаж монгол ажилчны сарын цалингаас 6 дахин илүү үзүүлэлт. Нэг өрх дунджаар 5 хүнтэй ба 2 нь ажилладаг бол 3 өрхийн сарын орлогоор нэг өрх 3 хоногийн турш баярлаж байнаа гэсэн үг... 

Түрүүний 2 нийтлэлдээ нийлээд яаж ч бодсон Цагаан сарын "хэмжээг бууруулах" гэсэн санаа ОРТОЙ л байх шүү. Ямартай ч модон морь жилдээ энэ баяраа тэмдэглэдэг шиг хангалуун болохын ерөөлийг бүх Монголчуудад тавья. 

Sunday, February 2, 2014

LUNANOMICS II

Цагаан сарын SWOT
SWOT шинжилгээний гол зорилго нь аливаа зүйлийн Давуу болон Сул тал, Боломж болон Эрсдлийг үнэлж, эдгээр шинж чанарыг тодорхойлох юм. Энэ нь маш хялбар ашиглагддаг шинжилгээ бөгөөд байгууллагын хувьд үүн дээр дурьдсан шинж чанарууд дээрээ үндэслэж, төлөвлөгөө боловсруулан, стратегиа тодорхойлдог. СВОТ-с давуу талаа олж хараад түүнийг хэрхэн хөгжүүлэх, сул талаа хэрхэн засах, боломжийг яаж ашиглах, аюулаас хэрхэн зайлсхийх зэргийг тусгасан учраас цогц төлөвлөгөө болж чаддаг байна. Тиймээс цагаан сараа хэрхэн тэмдэглэх шийдвэрээ ч SWOT дээр үндэслэн гаргаж болно.

Цагаан сарын хувьд сул талд нь цаг ашиглалттай холбоотой зүйлс, ашиглагдахгүй үлдэж байгаа нөөц (хоолны үлдэгдэл) зэрэг олон “Нийгмийн алдагдал” үүсч байгаа нь харагдаж байна. Тиймээс энэ дутагдлыг нөөцийн илүү үр ашигтай зарцуулалт хийснээр засч болно. Жишээлбэл, хүнийг идмээргүй байгаа хоолоор нь шахалгүй (надад ихэнхидээ тулгардаг бэрхшээл :p), хүссэн хэмжээгээр нь л идүүлж хаягдал бага гаргах (уух зүйлсийн хувьд ч мөн адил), хүний бараг дурлаж идэхгүй байх гэж бодсон ч ширээ чимэх зорилгоор тавьсан зүйлсийг аль болох тавихгүй байх, айлынд зохих хугацаагаар байж байгаад хэт удалгүй (тэртээ тэргүй дүүрэх гээд байгаа зайг нь эзлэлгүй, бас өөрийхөө ч цагийг хэмнээд) гарах гэх мэт ухамсрын л асуудлууд байна.

Цагаан сарын баяраар тохиох эрсдлүүд гэвэл мөн л ухамсартай холбоотой. Настнуудаа баярлуулах биш, хар усанд дуртай нөхдүүд өөрсдөө “шинэлэх” нь олон байна. Монгол эр хүн архи гэдэг тэнгэрийн ундааг уудаг гээд л аваа хаядаг байх. Харин энэ сайхан баярын үеэр өөрийгөө болон бусдыг хүндлээд эрүүл ухаантай, сэргэлэн явбал хэн хэндээ амар. MODERATE DRINKING гэж сайхан ойлголт байна шүүдээ. Бас “сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” байдгаас хойш зочиддоо эрүүл, цэвэрхэн, удаагүй зоогоор үйлчилвэл хордлого, өвчин гэх нь мэдээж бага. Бас зочин өөрөө ч хэрээ мэдэж идэх нь зөв биз ээ. Ингээд хүн бүр дор бүрнээ ухамсартай, эдийн засгийн хэлээр рациональ шийдвэр гаргаж чадвал баярлахаас яахав. Ингэж чадвал, цаг ямагт өдөр шөнөгүй зүтгэж байгаа журам сахиулагч цагдаа ах нар, шөнийн эргүүлийнхэн, түргэний эмч нар маань ч тайван баярлаад авна байлгүй.

Цагаан сар гэдэг баярт СВОТ-с сайн талууд олон гарчээ. Тэр мэдээж. Энэ их хэрэглээний эдийн засагт үзүүлэх нөлөө их байх нь тодорхой. Экономиксийн “Үржүүлэгч” буюу “multiplier” гэдэг ойлголтоор нэг хүний зардал нөгөө хүний орлого, тэр хүний зардал бас нэг хүний цалин, тэр нөхрийн зардал бас нэг ядарсан эрийн өдрийн хоол гээд хязгааргүй үргэлжилсэн гинжин хэлхээг бий болгодог. Тэр хэрээрээ эдийн засагт өгөөж нэмэгдэнэ. Цагаан сарын үржүүлэгч гэж яг тохирсон тоог судлаад тогтоочоогүй ч логикоор үүний нөлөөлөл асар их байх ёстой. Энэ бол давуу тал.

Боломжийн хувьд ЖДҮ-г дэмжих зориулалттай үзэсгэлэн худалдаа, сүү цагаан идээний захууд олноор ажиллах болсон. Монгол улсын хувьд Мал аж ахуй бол заяамал салбар. Харин Европын Сэргээн Босголтын Банкны (EBRD) үнэлгээгээр энэ салбар маш доогуур үнэлгээтэй, өрсөлдөх чадваргүй хэмээн гарсан байсан. Харин үндэсний бүтээгдэхүүний эрэлт угаасаа нэмэгддэг Наадам, Цагаан сар зэрэг баярууд бол энэ салбарыг хөл дээр нь босгох нэг түлхэц яах аргагүй мөн. Бас бэлэгний зах зээл гэж байна. Энэ үеэр манай улсын импорт нэмэгддэг нь валютын ханш, төлбөрийн тэнцэл зэргээс харагдана (тогтсон улирлын нөлөө). Дотоодын хямд үнэтэй, чанартай гар цайлгах зүйлс үйлдвэрлэдэг ЖДҮ-ийн хувьд том боломж. Хятадаас ирсэн, чанар муутай барааны зах зээлийг бут цохиод гарч ирэх боломж. Заавал өнгө, зүс бус хэн хүнгүй хэрэглэхэд тохирсон, багахаан зүйлийг бэлэглэж чадвал дээр дурьдсан “нийгмийн алдагдал” бас л багасна.

Тиймээс энэ баярын давуу сул талуудыг тодорхойлж, боломж аюулыг нь бас мэдэж, үүн дээрээ засварлан тэмдэглэж байвал илүү сайхан, ханамж максимум байх, “үр ашигтай” баяр болно гэж найдаж байна. Олон хүн санал нийлэх болтугай. 

Хүндэтгэсэн, 
Цагаан сарын үйлчлэгч,
Б.Ануударь 
:)

Saturday, February 1, 2014

LUNANOMICS буюу Цагаан сарын эдийн засаг

Цагаан сар хэмээх энэхүү хүндэт баярыг тэмдэглэх гэж бид жил бүрийн хаврын эхэн сараар их хөл хөдөлгөөнд орно. Буянтай настнууддаа хүндэтгэл үзүүлж золгоод, хол ойрын хамаатнуудтайгаа уулзаж, танилцаж байдаг уламжлалыг бодвол утга учир төгөлдөр баяр. Харин эдийн засаг сурдаг оюутан болохынхоо хувьд миний бие энэхүү сайхан баярыг тэмдэглэхэд хэдэн зүйлтэй санал нийлдэггүй, тоотой хэдэн хүнтэй “нөхөрсгөөр” маргах нь бий :p
 
Манай улсын эдийн засаг хурдацтай өссөн, хэрэглээний зах зээлийн хувьд нэлээн томорсонг хэлэх үү, сүүлийн жилүүдэд баяр бүрийг алгасахгүй найрлаж, ажлаа мартан амрах нь уламжлал болсон мэт. Тэр тусмаа Цагаан сар бидний хувьд хамгийн хүндтэй баяр учраас энэ баярыг маш өргөн хүрээтэй, бас дэндүү “үрэлгэн” тэмдэглэдэг нь хэн бүхэнд тодорхой биз ээ.

Би өөрийн “Цагаан сарын шүүмж”-г 3 хэсэг хялбархан шинжилгээгээр энэ нийтлэлдээ хийнэ. Эхнийхийг нь одоо бичиж байна (саяхан манай эмээгийн хэдэн зочин гараад явлаа л даа, тэгээд завсраар нь). Эхний удаад эдийн засгийн экстремумыг тодорхойлох ахиуцын зарчмаар Цагаан сарыг “шинжилнэ”. 2 дахь удаад бизнест өргөн хэрэглэгддэг SWOT шинжилгээ, сүүлийхэд нь тоон мэдээллээс инферантал статистик буюу хялбар тайлбарлагч статистикуудыг ойролцоолон тооцоод өөрийн үзэл бодлоо баталсан гэж үзнэ дээ :) Доорх линкүүдээр орно уу:

LUNANOMICS I


MC > MR+MU...?
Эдийн засагт өргөн хэрэглэгддэг зарчим бол ахиуцын зарчим буюу Marginal utility (MU)=Marginal cost (MC) эсвэл ‘Marginal revenue (MR)=Marginal cost (MC)’. Цагаан сарын (ЦС) баяраар агентууд ханамж болон орлого олно, зардал гаргана. Тэгэхээр сэтгэл зүйн ханамж болон материаллаг орлого, сэтгэл зүйн болон материаллаг зардал гэсэн хувьсагчдын ахиу нь хоорондоо тэнцэх нь: MR+MU=MC. Энэ нь ашиг, ханамжийн нийлбэр хамгийн их байх нөхцөл буюу хувь хүний (ЦС-н агентын) сонголтыг илэрхийлнэ. Цагаан сар гэдэг зах зээлд 2 агент байдаг гэж үзье: зочин ба хүлээн авагч, эдгээр нь нэг нэг өрхийг илэрхийлнэ. Мөн ЦС 3 үе шаттай гэж үзье:
  •  Эхэн үе - Бууз, банш чимхэлт
  • Дунд үе - Бэлэг цуглуулалт
  • Ид үе – Золголт, үйлчилгээ
Одоо ахиуцын шинжилгээндээ орж 2 агентын ахиу зардал, орлогуудыг (мэдээж сэтгэл зүйн болон матери) жагсаая:



Хувь хүний онцлогоос шалтгаалаад юунаас ч сэтгэл ханамж, зардал гарч болно. Гэхдээ оюутан миний бодлоор эдгээр нь хамгийн түгээмэл зардлууд биз ээ. Эдгээр чанарын үзүүлэлтүүдээс “raw” дүгнэлт хийвэл хүлээн авагчаас маш олон зардлууд гарах бол зочны орлого зардал ижил тоотой гарч байна. Энэ 2 хоёр агент нь мөн чанартаа нэг хүн байж болно. Учир нь гэртээ үйлчилж байгаад, гарч бас айл хэснэ. Ингээд бодохоор тооны хувьд нэг хүнд орлогоос нь илүү зардал ноогдож байна. 

Энэ дүгнэлт мэдээж маш хялбар, чанарын шинжилгээ учраас үнэн байх албагүй ээ. Гэхдээ айл хэсч ч амжилгүй 2 талын эмээ өвөө дээрээ ганцаараа очиж үйлчилдэг над шиг улсын хувьд жаахан ч гэсэн “compassion” болж, Цагаан сар гэдэг баярыг буруутгах бага ч гэсэн шалтгаан болно гэж бодлоо. 

Цагаан сар сайхан баяр. Хэлэлтгүй. Гэхдээ зөв тэмдэглэх нь чухал. Хэрэв хүлээгдэж байгаа ханамж, таашаал нь зардлаасаа бага болчихвол хэмжээг нь бууруулах эдийн засгийн хуулийн дагуу цагаан сарын “хэмжээ”-г бууруулах нь зохистой болов уу. Огт хийхгүй байвал хайран хүлээгдэж байсан ханамж. Хэтрүүлээд хийчвэл алдагдал. Тиймээс энэ үндэсний уламжлал болсон баярынхаа “нийлүүлэлт”-г ууруулвал ханамжаа максимумчлаад хичнээн сайхан.

Хүндэтгэсэн,

Цагаан сарын үйлчлэгч: Б.Ануударь

:)