Monday, August 4, 2014

YOLONOMICS II: "Өнөөдрийн жаргалыг жаргалд бүү бод"

II. Хэрвээ маргаашийн ханамжийг илүү өндөр байлгахын тулд өнөөдрийн ханамжийг золиосолбол яах вэ?

Эрт үеийн сэхээтнүүд бүгд шаргуу хөдөлмөрлөхөөс гадна "self-discipline" буюу өөрийн зарчмаар өөрийгөө удирдахыг хүний хамгийн үнэт чанар гэж үзэж байлаа. Тэд зөвхөн хэлэх биш өөрсдийн үйл хөдлөлөөр тэр чанараа харуулж байсан нь өдөр бүр бүтээлчээр ажиллах тогтмол цаг гаргаж, тэр цагтаа яс сууж сурснаас харагдана.

Бодит үр дүн урт хугацааны тууштай тэмцэл, тэвчээр, хатан зоригийн үр дүн байдаг. Аливаа ажлыг гүйцэтгэж дуусаад эргээд харахад сурсан зүйл ихтэй бол тэр цаг хугацаа заавал тэсвэр тэвчээр шаардсан байдаг билээ. Хэрэв хийсэн ажил маань бусдад сайшаагдсан ч би өөрөө сэтгэл дүүрэн биш байх юм бол тэр ажлыг гүйцэт дуусгаж чадсан гэж үзэж болохгүй. Учир нь түүнийг гүйцэтгэхэд бусдыг ялсан байж болох ч өөрөө өөрийгөө ялж чадаагүй байна гэж би хувьдаа боддог.

Амьдралын тодорхой хэвшил, цагийн хуваариас зорилгодоо хүрэх томхон алхам тавигдана. Тэр амьдралын хэвшлээ мөрдөж, өөрт дасгаж сургахад зарчимч зан чанар /self-discipline/ нь богино хугацааны ханамжийг золиосолж, маргаашийн илүү их ханамжийн төлөө зүтгэхийн хамгийн гол жишээ юм.

Тэгвэл амьдралын хэвшлийг дээд үеийн сэтгэгчид юу гэж хүлээн авч байсан бол?
Аристотель "Бидний байнгын үйл хэрэг бидний хэн болохыг тодорхойлно. Тэгэхээр үлэмж сайн юм бүхэн амьдралын хэвшлийн үр дүн" гэжээ. Өөрөөр хэлбэл, бидний ямар байдалтай амьдарч байгаа нь амьдралын хэвшилтэй салшгүй холбоотой.
Твайла Тарп /бүжигчин/ "Бүтээлч чанар бол амьдралын хэвшил, хамгийн бүтээлч хүн ажлын сайн хэвшилтэй байна"
Жеймс Аллэн "Ургац хураахын гол зарчим нь тарьснаасаа илүүг хураах юм. Үйлдлээ давт, тэр чинь дадал болно. Дадлыг хөгжүүл, зан чанар болно. Зан чанараа хадгал, хувь заяаг чинь тодорхойлно"
Винце Ломбарди "Ялалт бол амьдралын дадал. Харамсалтай нь ялагдах ч мөн адил"

.... гээд амьдралын зөв дадлын талаарх "магтаалуудыг" жагсаавал дуусахгүй биздээ. Би өөрөө ч гэсэн амьдралын тогтсон хэвшил бий болгох гээд явж байгаа оюутан учраас нэг асуултын хариу сонирхолтой байгаа юм. Амьдралын хэвшил ямар хугацаанд тогтдог вэ? Өөрөөр хэлбэл нэгэн хэвшилээ хэр удаан давтаж, хэрхэн сургуулилснаар "дадал" болж тогтох бол?

Сэтгэл судлаач Jeremy Dean (2013) Англид хийгдсэн дэлгэрэнгүй судалгааны талаар бичжээ. Өмнө нь бүх хүнд, ямар ч хэвшлийг бий болгоход тогтсон хоногийн тоо байдаг хэмээн судлаачид үзэж байсан аж. Гэвч тэрхүү судалгаанд хэвшил тогтоход тухайн хүний тэсвэр тэвчээр, зориг, тэрхүү хэвшлийн хүнд хөнгөн зэрэг янз бүрийн зүйлсээс хамаарч, хэвшил болж үлдэх хугацаа нь ялгаатай байхаар гарчээ.

Судалгааны арга зүй гэвэл 96 оюутныг 84 хоногийн турш өөр өөр зүйлс хийлгэж хэвшүүлсэн ба хугацааны давтамжтайгаар асуулгын хуудас бөглүүлж, хэр "автомат" байдлаар тухайн хэвшүүлсэн зүйлийг хийж байгаа талаар тодруулсан байна. Үр дүнд нь, илүү амархан гэж болох, хоолны дараа багахан хэмжээний жимс тогтмол идэж байх, хоолны дараа алхах, өглөөний цайны дараа нэг аяга ус ууж байх зэрэг хэвшлүүд ойролцоогоор 20-25 хоногт хэвшсэн байна. Харин өглөө бүр 20 минут гүйх, өдөр бүр тэмдэглэл хөтлөх зэрэг хэвшлүүд бүр 200 гаруй хоног шаарддаг гэж дүгнэжээ.



Өнөөдрийн түр хугацааны ханамжаас түдгэлзэж, бага багаар үнэхээр "чухал" зүйлийг урт хугацаагаар хийсээр л байвал урт хугацааны сэтгэл ханамж өндөр байхаас гадна тэр сайн үйл хэрэг чинь чиний нэг хэсэг болж төлөвших ажээ. Steven Covey (1989) аливаа дадлыг бий болгоход тухайн дадлынхаа талаар "Юуг? Яагаад? Яаж?" гэсэн 3 асуултад хариулж чадаж байвал дадал болон тогтож чадна гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн дадал тодорхой, учир зорилготой, хэрхэн гүйцэтгэх мэдлэгтэй байвал тэсвэр тэвчээрийн үр дүнд хэвшил болж чадах аж.

...Тэсвэр тэвчээр гэдэг бол өнөөдрийн жаргалыг золиосолж, урт хугацааны үр дүнг эрэлхийлэх явдал зайлшгүй мөн.