Thursday, January 23, 2014

Алтанзул цэцгийн зах зээл дэх "Boom"


Алтанзул цэцгийн зах зээлд 17-р зуунд болсон энэхүү үйл явдал нь санхүүгийн зах зээлд гарж болох хамгийн сонирхолтой түүхүүдийн нэг юм. 1593 онд анх Венээс ирсэн Австри профессор анх энэхүү Туркээс гаралтай цэцгийг Голландад авчирснаар энэхүү үйл явдал эхэлжээ. Тэрээр үүнийг зарж ихээхэн ашиг олох санаатай байв. Голландууд үүнийг их таашааж байсан ба нэгэн хулгайч цэцгийг профессороос дээрэмдэн бага үнээр их мөнгө олжээ. 

Дараачийн 10 гаруй жилийн хугацаанд “Mosaic гэх онц аюулгүй нян тархаж, цэцгийг илүү тод, онцгой өнгөтэй болгосон. Үүнээс цэцгийн үнэ өсч, илүү хурц өнгөтэй цэцэг илүү үнэд хүрдэг болов. Үнэ нь өссөөр байсан тул хүмүүс цэцгэнд хөрөнгө оруулах нь ашигтай гэж үзэж, улам ихээр авч байв. Ингэсээр Алтанзул цэцгийн үнэ маш хурдтайгаар өсөх болсон байна. Гэр бүл, найз нөхдийнхөө маш их мөнгө олж байхыг харсан хүмүүс энэ цэцгийг авахаар хорхойсч байв. Хүн бүр л энэхүү цэцгийн үнэ цэнэ үүрд өндөр байна гэж хүлээж байлаа. 

Алтанзулын тэнгэрт хадсан үнийн сүүлийн жилүүд буюу 1634-1637 онд хүмүүс бүр өөрсдийн эд зүйлсээрээ цэцгийг сольж байсан нь тэд үүнийг авахын төлөө юу ч хийхээс буцахгүй байсныг харуулна. Хүлээж байгаа ашгаас илүү өндөр ашиг хийх боломжийг олгодгоороо санхүүгийн зах зээл онцлог. Алтанзулын үнээс хамаарсан call опцион худалдаалагдах болсон. Энэ цэцгэн дэх хөрөнгө оруулалтыг илүү ашигтай, илүү эрсдэлтэй болгож байв. 

Энэ үед цэцэгнээс болсон хөгтэй явдлууд олон гарч байлаа. Тухайлбал, нэгэн баян худалдаачинд илгээмж хүргэж ирсэн усан цэргийг худалдаачин амтат май загасаар дайлжээ. Усан цэрэг лангуун дээр байсан сонгиныг загастай хольж идээд шоронд суусан гэдэг. Учир нь тэр “Semper Augustus” гэсэн төрлийн Алтанзулыг сонгинотой андуураад идчихжээ. Эндээс үзэхэд ганц цэцэгний үнэ цэнэ нэгэн хүнийг шоронд суухад хүртэл хүргэж байсан байна.

Гэвч үнийн өсөлт мэдээж удаан үргэлжлээгүй. Цэцэгний үнэ хангалттай өссөн гэж үзсэн хүмүүс цэцгээ зарж эхэлснээр цэцгийн үнэ өссөн шигээ хурдан буурсан юм. Засгийн газраас энэхүү их хэлбэлзлийг багасгах гэж цэцгийн чанарт өөрчлөлт ороогүй гэж мэдэгдсэн ч үнэ буурсаар худалдаачид дампуурч, хөрөнгө оруулагчид алдагдал хүлээсэн. Ийн үнэ буурсаар ганц сонгино чинээ хямд болсон байна. Үүнийг зарим судлаачид рациональ гэж үздэг ч хэт их үнийн хэлбэлзлийн үед хөрөнгө оруулагч рациональ шийдвэр гаргадаг гэж үзэх боломжгүй.

Энэхүү үйл явдлаас санхүүгийн зах зээл дэх хүний сэтгэл зүй, хэт өөдрөг байдал яаж нөлөөлж болохыг харагдаж байна. Тухайн зүйлийн өртөг нь өчүүхэн ч гэсэн хүмүүс түүнийг үнэ цэнэтэй, үнэ нь өснө гэж хүлээж л байгаа бол ганц цэцэгний үнэ ч тэнгэрт тулсан өндөрт хүрч болно. Энэ бол хөрөнгийн зах зээлийн гол онцлогуудын нэг юм. Маш өндөр өгөөж болон эрсдэлд хөрөнгөө оруулдаг билээ.

No comments:

Post a Comment