Thursday, January 23, 2014

Пол Самуэльсон: Зааглалт оптимизацийн эдийн засгийн шинжилгээн дэх хэрэглээ

Пол Самуэльсон “Эдийн Засгийн Анализийн үндэс” /1940/ бүтээлдээ эдийн засгийн ухаанд математик түлхүү ашиглах неоклассик хандлагыг сэргээсэн. Эдийн засгийн ухааны гол зорилго нь хязгаарлагдмал нөөцийг хамгийн үр ашигтайгаар хуваарилах шийдвэрийг судлах юм. Үүнийг зааглалт оптимизаци буюу тодорхой хязгаарлалтын хүрээнд функцийн максимум, минимум утгыг тодорхойлох бодлогоор илэрхийлж болно[1]

Тухайн хязгаарлалтын хүрээнд хамгийн их (ашиг, ханамж, үйлдвэрлэл гэх мэт) эсвэл бага (зардал эсвэл ямар нэг сөрөг нөлөөлдөг зүйл) байлгах бодлого нь хүний рациональ үйл хөдлөлийг илэрхийлнэ. Учир нь тухайн хүн өгсөн нөөцийн хүрээнд зорилгоо хамгийн өндөр түвшинд биелүүлнэ. Иймээс оптимизаци нь эдийн засгийн судалгаанд уян хатан ашиглагдана. Тухайлбал, Вильфредо Парето: “Бидний судлах гол зүйл бол эдийн засгийн тэнцвэр. Энэ тэнцвэр хүний хүсэл ба түүнийг биелүүлэхэд тулгарах бэрхшээлүүдээс хамаарна. Тиймээс бид: (1) таашаал, (2) бэрхшээл, хязгаарлалт, (3) эдгээр хоёр хүчин зүйлс тэнцвэр тогтоход хэрхэн харилцан нөлөөлдгийг судална.” /Samuels, 2003/ гэсэн байдаг. Самуэльсон оптимизацийн аргад суурилан ханамжийн максимум нөхцлөөс эрэлтийн муруй, ашиг хамгийн их байх шийдвэрээс нийлүүлэлтийг тодорхойлсон. 

Самуэльсоны арга зүйг зарим эдийн засагчид хэтэрхий математикт тулгуурласан, бодит баримтаар дутмаг гэж шүүмжилдэг. А.Маршалл математикийг зөвхөн бодит амьдралд тайлбарлаж болох түвшинд ашиглаж, шинжилгээнд түр зуурын хэл болгож ашиглана гэж үзсэн. Гэвч Самуэльсон “Оккамын тонгорог” зарчмыг баримтлан, бодит амьдралд ойлгож тайлбарлахад бэрхшээлтэй зүйлсийг энгийн математик загварт оруулан хялбарчлах аргуудаар эдийн засгийн ухааныг баяжуулсан.[2]


[1] Samuels “Companion to the Histpry of Economic Thought”, Blackwell, 2003
[2] Mark Skouzen “The Making of Modern Economic Thought”, 2009

No comments:

Post a Comment