Sunday, November 16, 2014

Эртний түүхт Denbosch: Норд-Брабантын Музей

3 долоо хоногийн хагас, бүтэнсайныг сургуулийнхаа номын санд өнгөрүүлсний эцэст өнөөдөр (үнэндээ 3 7 хоногийн өмнө эхлүүлсийм л даа :) хотоос гарч, 15хан минут вагоноор яваад хүрдэг s'Hertogenbosch/Den Bosch гэдэг эртний хот руу 3 найзын хамт гарлаа. Энэ хот Норд-Брабантын (Тилбург, Брэда гэх мэт Голландын хотуудаас гадна одоогийн Бельги багтсан том нутаг) XI зуунаас тэмдэглэгдсэн баялаг түүхт хот юм. Барилга, архитектураас нь харахад сүрлэг энэ хот усан зам, уран зураг, хөгжмийн баян сантайгаас гадна Нидерландын хамгийн их оршин суугчтай хотуудын нэг. Энэ хотод их гоё 2 газар очсон юм. Хичээл гэж яваад хойш нь тавьсаар эхний газрынх нь тухай бичиж дууслаа :)

Норд-Брабантын Музей


Бас л нэгэн урлагийн бүтээл
Музей руу урагшаа
XVIII зуунд баригдсан авсаархан ч гэсэн сүрлэг дүр төрх бүхий энэхүү музейд Норд-Брабант, цаашлаад Нидерланд улсын урлагийн хувьслыг харуулжээ. Дундад зуунаас эхлээд XXI зуун хүртэлх соёл урлагийн урсгалыг тухайн цаг үеийн үйл явдал түүхтэй холбож үзэсгэлэнгээ гаргасан нь ямар учраас тэрхүү соёлын давалгаа эхэлж, ямар үйл явдлаар дуусгавар болсныг нь ойлгоход туслана. Алдарт гэр бүлийн зураачдын бүтээлүүдийг тасалгаа бүрт тусгаарлаж, тухайн айлын аж байдал, эцэг хүүхдүүдийн харилцаатай нь холбох гэх мэт. Нэг онцгой зүйл нь алдартай хэд хэдэн зураачид өөрийн хүүхдүүдийг сурган, урлагийн бизнесээ өвлүүлж байсан байна. Тийм ч учраас магадгүй Голландаас тийм олон дэлхийд нэртэй зураачид төрж гарсан байх. 

Орчин үеийн урлагийн урсгал, модерн арт эхлэхэд хийсвэр, далд ухамсрын хэмжээнд урлаг хөгжиж эхэлсэн мэт санагдана. Учир нь энэ чиглэл эхлэхэд зураг бүрийг энэ "тийм юмыг" дүрсэлсэн байна гээд шууд хэлэхэд хэцүү бөгөөд "Untitled" буюу тодорхой нэргүй, үзэгч өөрөө утга оноож сэтгэх бүтээлүүд олон байсанд юм. Заримыг нь харахад ямар ч тайлбар өөрөө хийж чадахгүй, мэдрэмж ч үгүй. Харин заримых нь хувьд тайлбарлаж чадахгүй ч гэсэн нэг л өөр сэтгэгдэл үлдээнэ. Магадгүй тэр мэдрэмжийн утга учрыг тайлж чаддаг болоход "урлагийг ойлгох" гэгч болох болов уу гэж горьдож суунаа :)

Содон чийдэн музейн гадна :)
Биднийг тэнд очиход аз таарч, урлагийн нэгэн урсгалын сэдэвтэй үзэсгэлэн тавигдаж байсан юм. XIX зууны Романтизм Баруун Европын урлагт ямар давалгааг бий болгож байсан талаар. Романтизмын эхлэл бол дайны төгсгөл. 1815 онд Наполеон хүчээ алдаж амар тайван цаг ойртож байв. Олон жил үргэлжлэх тогтворгүй байдал, ядуурал, сэтгэл зүйн дарамт бүгд нийгэмд хувийн амар амгалан, сэтгэл хөдлөлийг онцгойлон үзэх хандлага бий болгоод байлаа. Мэдээж энэ мэдрэмжийг хамгийн түрүүнд хүлээн авч буулгахыг хүсэх хүмүүс бол урлагийнхан байсан аж. Олонд танигдсан зураачдын дийлэнхи нь "Романтик" бүтээлүүдээрээ алдаршиж, энэ давалгаа уран зургийн ертөнцийг эзэгнэж байв...


Романтик урсгал: Шөнө дундын далай
Романтик урсгалын бүтээлүүд Байгаль, Хүмүүсийн харилцаа ба аж байдал, Архитектур, Далай ба эрэг, Шөнийн амьдрал гэсэн категоруудад хуваагджээ. Энэ нь мөн л учиртай. Тус тусд нь бага зэрэг дэлгэрүүлье л дээ. Байгалийн зургууд нь үзэсгэлэнт газар нутгийг улам сэтгэл хөдөлгөм байдлаар дүрсэлж, хүмүүсийн аж байдлыг үргэлж маш жижигхэн, байгалийн нэг л хэсэг мэт дүрсэлж байв. Энэ нь байгалийн сайхныг магтахаас гадна хүн өөрөө байгал дэлхийн өчүүхэн жижиг, хэврэгхэн хэсэг болохыг илэрхийлэх ажээ.


Хүчтэй давалгаа дайныг санагдуулна
XIX зууны эхээр Хүмүүсийн харилцаа, аж байдлын (Genre) урсгал дэлгэрэв. Энэ үе байгалыг сонирхож үзэлгүй, хүний чин сэтгэлийн хайр, харуусал, таашаал, хүсэл, зовлон, гасланг буулгахыг эрмэлзжээ. 1830 онд Бельги Голландаас тусгаарлахад тус улсуудад эх оронч, өөрийн улсыг тунхаглах үзэл нийгэмд хүчээ авсан байна. Үүнээс үүдэн Архитектурын чиглэлийн зургууд дэлгэрч эхэлжээ.

Өөрийн орны үзэсгэлэнт түүх дурсгал бүхий барилга, хөшөө цогцолборуудыг нандигнан хамгаалах хандлага түгж, зураачид мөн л энэ давалгааг андалгүй өөрсдийн бүтээлд сүрлэг сүм, катедрал, цайз зэргийг тусгаж эхэлжээ. Сүмийн зургууд маш олон бөгөөд тэр үед гайхагдаж байсан Готик сүм бүр нэгэн зураачийн бийрнээс дахин төрж байв. Сонирхолтой нь, Архитектурын зургууд нь тухайн барилгын сүрлэг чанарыг улам тодотгож өгснөөр тэдгээрийг ажиглахад нууцлагдмал, сонирхол татам, сэтгэл хөдөлмөөр санагдах ажээ.


Tourists
Бельги, Нидерланд (the Low Lands) улсуудын бүх үеийн зураачдыг татдаг байсан бас нэгэн "обьект" далайн ойр орчмын газар нутаг байлаа. Сонирхолтой нь дайны үед далайг дүрсэлсэн зургууд үргэлж маш хүчтэй давалгаа, усан цэргүүдийн тулаан зэрэг "хэрцгий" байдлыг харуулсан байдаг бол Романтик зураачид багахан давалгаалах тайван тогтуун далайг дүрсэлсэн байх аж. Хоосон завь хөвөх нь "далайчдын амралтын өдөр" юм болов уу гэлтэй.

Сүүлийн боловч бас л сонирхол татахуйц дүр зураг "Nocturne" буюу Шөнийн амьдралыг илэрхийлсэн урсгал байлаа. Энэ төрлийн зургууд ихэвчлэн өдөр шөнийн заагийг харуулах ажээ. Өөрөөр хэлбэл, нар жаргах эсвэл мандахын зааг дээрхи дүр зургуудыг илэрхийлнэ. Энэ нь амьдрал ба үхэл, сайн ба муу, аз жаргал ба зовлонгийн хослолуудыг тодотгох мэт.. Эдгээр Романтик бүтээлүүд нь бүгд телевизийн инженер, олон танигдсан зохион бүтээгч Жэф Радемакрын (тэрээр Романтицизмыг сонирхон судалдаг байснаас гадна "supposedly" меланхолик темпераменттай эрхэм байжээ) хувийн цуглуулгаас ирсэн байна. Зохион бүтээгч инженер, эсвэл өөр нэг тийм "чухал" ажилтай хүмүүс хийх ёстой зүйлээ хийчихээд дуртай зүйлдээ хөрөнгө оруулж, өөрийн "гэнэн" хүслээ бага ч гэсэн биелүүлж байх нь сайхан юм аа :)


Энэ зүйлсийг үзэж байхад утасны батерей дуусч, зураг авахааргүй болох тэр мэдрэмж... :p