Sunday, February 2, 2014

LUNANOMICS II

Цагаан сарын SWOT
SWOT шинжилгээний гол зорилго нь аливаа зүйлийн Давуу болон Сул тал, Боломж болон Эрсдлийг үнэлж, эдгээр шинж чанарыг тодорхойлох юм. Энэ нь маш хялбар ашиглагддаг шинжилгээ бөгөөд байгууллагын хувьд үүн дээр дурьдсан шинж чанарууд дээрээ үндэслэж, төлөвлөгөө боловсруулан, стратегиа тодорхойлдог. СВОТ-с давуу талаа олж хараад түүнийг хэрхэн хөгжүүлэх, сул талаа хэрхэн засах, боломжийг яаж ашиглах, аюулаас хэрхэн зайлсхийх зэргийг тусгасан учраас цогц төлөвлөгөө болж чаддаг байна. Тиймээс цагаан сараа хэрхэн тэмдэглэх шийдвэрээ ч SWOT дээр үндэслэн гаргаж болно.

Цагаан сарын хувьд сул талд нь цаг ашиглалттай холбоотой зүйлс, ашиглагдахгүй үлдэж байгаа нөөц (хоолны үлдэгдэл) зэрэг олон “Нийгмийн алдагдал” үүсч байгаа нь харагдаж байна. Тиймээс энэ дутагдлыг нөөцийн илүү үр ашигтай зарцуулалт хийснээр засч болно. Жишээлбэл, хүнийг идмээргүй байгаа хоолоор нь шахалгүй (надад ихэнхидээ тулгардаг бэрхшээл :p), хүссэн хэмжээгээр нь л идүүлж хаягдал бага гаргах (уух зүйлсийн хувьд ч мөн адил), хүний бараг дурлаж идэхгүй байх гэж бодсон ч ширээ чимэх зорилгоор тавьсан зүйлсийг аль болох тавихгүй байх, айлынд зохих хугацаагаар байж байгаад хэт удалгүй (тэртээ тэргүй дүүрэх гээд байгаа зайг нь эзлэлгүй, бас өөрийхөө ч цагийг хэмнээд) гарах гэх мэт ухамсрын л асуудлууд байна.

Цагаан сарын баяраар тохиох эрсдлүүд гэвэл мөн л ухамсартай холбоотой. Настнуудаа баярлуулах биш, хар усанд дуртай нөхдүүд өөрсдөө “шинэлэх” нь олон байна. Монгол эр хүн архи гэдэг тэнгэрийн ундааг уудаг гээд л аваа хаядаг байх. Харин энэ сайхан баярын үеэр өөрийгөө болон бусдыг хүндлээд эрүүл ухаантай, сэргэлэн явбал хэн хэндээ амар. MODERATE DRINKING гэж сайхан ойлголт байна шүүдээ. Бас “сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” байдгаас хойш зочиддоо эрүүл, цэвэрхэн, удаагүй зоогоор үйлчилвэл хордлого, өвчин гэх нь мэдээж бага. Бас зочин өөрөө ч хэрээ мэдэж идэх нь зөв биз ээ. Ингээд хүн бүр дор бүрнээ ухамсартай, эдийн засгийн хэлээр рациональ шийдвэр гаргаж чадвал баярлахаас яахав. Ингэж чадвал, цаг ямагт өдөр шөнөгүй зүтгэж байгаа журам сахиулагч цагдаа ах нар, шөнийн эргүүлийнхэн, түргэний эмч нар маань ч тайван баярлаад авна байлгүй.

Цагаан сар гэдэг баярт СВОТ-с сайн талууд олон гарчээ. Тэр мэдээж. Энэ их хэрэглээний эдийн засагт үзүүлэх нөлөө их байх нь тодорхой. Экономиксийн “Үржүүлэгч” буюу “multiplier” гэдэг ойлголтоор нэг хүний зардал нөгөө хүний орлого, тэр хүний зардал бас нэг хүний цалин, тэр нөхрийн зардал бас нэг ядарсан эрийн өдрийн хоол гээд хязгааргүй үргэлжилсэн гинжин хэлхээг бий болгодог. Тэр хэрээрээ эдийн засагт өгөөж нэмэгдэнэ. Цагаан сарын үржүүлэгч гэж яг тохирсон тоог судлаад тогтоочоогүй ч логикоор үүний нөлөөлөл асар их байх ёстой. Энэ бол давуу тал.

Боломжийн хувьд ЖДҮ-г дэмжих зориулалттай үзэсгэлэн худалдаа, сүү цагаан идээний захууд олноор ажиллах болсон. Монгол улсын хувьд Мал аж ахуй бол заяамал салбар. Харин Европын Сэргээн Босголтын Банкны (EBRD) үнэлгээгээр энэ салбар маш доогуур үнэлгээтэй, өрсөлдөх чадваргүй хэмээн гарсан байсан. Харин үндэсний бүтээгдэхүүний эрэлт угаасаа нэмэгддэг Наадам, Цагаан сар зэрэг баярууд бол энэ салбарыг хөл дээр нь босгох нэг түлхэц яах аргагүй мөн. Бас бэлэгний зах зээл гэж байна. Энэ үеэр манай улсын импорт нэмэгддэг нь валютын ханш, төлбөрийн тэнцэл зэргээс харагдана (тогтсон улирлын нөлөө). Дотоодын хямд үнэтэй, чанартай гар цайлгах зүйлс үйлдвэрлэдэг ЖДҮ-ийн хувьд том боломж. Хятадаас ирсэн, чанар муутай барааны зах зээлийг бут цохиод гарч ирэх боломж. Заавал өнгө, зүс бус хэн хүнгүй хэрэглэхэд тохирсон, багахаан зүйлийг бэлэглэж чадвал дээр дурьдсан “нийгмийн алдагдал” бас л багасна.

Тиймээс энэ баярын давуу сул талуудыг тодорхойлж, боломж аюулыг нь бас мэдэж, үүн дээрээ засварлан тэмдэглэж байвал илүү сайхан, ханамж максимум байх, “үр ашигтай” баяр болно гэж найдаж байна. Олон хүн санал нийлэх болтугай. 

Хүндэтгэсэн, 
Цагаан сарын үйлчлэгч,
Б.Ануударь 
:)

No comments:

Post a Comment