Thursday, March 6, 2014

Бүс нутгийн эдийн засаг (not just a fancy name)

Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Өмнөговь... Эдгээр хотууд бүгд хүн ам, эдийн засгаараа харьцангуй их төвлөрөлтэй. Нийслэл Улаанбаатар хотод бол бүр ч их. Газар нутгийн хувьд бус, нийт газар нутагтай харьцуулснаараа шүү дээ. Мэдээж дэлхийн хэмжээний томоохон хотуудтай харьцуулбал жижигхэн байх нь мэдээж..

3 жилийн өмнө зуны амралтаар Уул уурхайд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулганд ажиллаж, 1-р курсын хүүхэд их ч "амьдрал" үзэж билээ. Тэгэхэд гадаадын нэгэн төлөөлөгчийг онгоцны буудлаас тосоод улсынхаа талаар ярьж байгаад Улаанбаатар том хот гэж хэлтэл тэр хүн их гайхаад хотын хүн амын тоог асуулаа л даа. Би "сая хагас шахам хүн амтай" гэж хариулахад тэрээр "Үгүй, харин ч жижигхэн юм биш үү..." гэлээ. Би том хотоо гэж хэлсэн шалтгаанаа хэлбэл тэр толгой дохиод л "тийм байна, үнэхээр харьцангуй том хот юм байна" гээд надтай санал нийлж билээ... Хүн ам, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд жижигхэээн хот ч гэсэн улс дотроо харьцуулбал маш том хот. 

2012 оны байдлаар УБ хот дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэж байв. Харин хүн амын хувьд 1990 онд 27, 2000 онд 30 хувь, 2012 он гэхэд 45 хувь. Хөдөө орон нутгаас ирэх хүн амын урсгал ихэссээр, төвлөрөл улам нэмэгдэж байна. Хэн ч тэдгээр хүмүүсийг хот руу яв гэж албадаагүй шүүдээ... Гэхдээ яагаад малаа хариулаад, ааруулаа идээд "би эрүүл жаргалтай хүн" гээд хөдөөдөө үлдээгүй юм бол?

Энд бас л эдийн засагчдын онцолж номлоод байдаг "инсентив" буюу хөшүүрэг үйлчилж байгаа юм. Хөдөө орон нутагт орлого бага, мал хариулахаас өөр ажлын байр бараг олдохгүй, цахилгаан, дулаан, усан хангамж хүрэлцээгүй, хүүхдээ ойр орчныхоо сургуульд чанартай боловсрол аюулгүй орчинд эзэмшүүлж чадахгүй. Эгээ л хувьцааны зах зээл дээрх хөөсрөл шиг хүн болгоны рациональ шийдвэр нийтээрээ иррациональ болж хувирч байгаа хэрэг. Учир нь хүсч байгаад ирсэн Улаанбаатар хотдоо ирээд тэдэнд хар ажил л олдоно. Жаахан нас явчихсан бол магадгүй "хөгшин" гэж ад үзэж магадгүй. Бас орох сууц хайсаар гэр хорооллоос өөр газар очиж ихэнхи нь чадахгүй. Ингэснээр гэр хороолол хэдэн өрхөөр тоогоо нэмж, УБ хотын агаарт хэдэн яндан илүү утаа нэмэрлэнэ. Бас дээрэм тонуул гээд гэр хороололд жаахан хүүхдээ ганцааранг нь явуулахаас зовно. Магадгүй нэгэнт ирсэн тэр хүмүүс "at some point" хотод ирсэндээ харамсдаг байх...

...За, гол сэдвээсээ далийгаад, жаахан "sentimental" болоод эхэллээ :p. Энэ нийтлэлдээ гол нь нэлээд сүүлд хөгжиж эхэлсэн, харьцангуй залуу эдийн засгийн судалгааны чиглэл болох Бүс нутгийн эдийн засгийн талаар бичлээ. Энэ чиглэл "mainstream" болж хөгжөөгүй ч гэсэн Кругман, Фужита, Диксит, Портер, жаахан дээр үеэс гэвэл Вон Тьюнен зэргийн эрдэмтэд хувь нэмрээ оруулсан юм. 

Кластержилт, эсвэл бүр аггломераци гээд сонирхолтой байдлаар нэрлэгддэг ( I'm really obsessed with these names, by the way :) эдийн засгийн бөөгнөрөл гэж энэ зүйл яагаад үүсдэг вэ гэдгийг   судалдгаараа энэ чиглэл онцлог. Нэг талаас агентуудын эдийн засгийн хөшүүргийг судлах учраас эдийн засаг, нөгөө талаас газар нутгийн байршил, шилжилт хөдөлгөөнийг авч үзэх учраас газар зүйн судалгааны чиглэл гэхэд ч буруудахгүй. Харин одоо онол талаас нь бага зэрэг тайлбарлая.

Энэ чиглэл нь микро түвшинд яригддаг бөгөөд загварууд нь ихэвчлэн дэлхийд 2 бүс нутаг оршино гэсэн таамаглалтайгаар эхэлдэг. 2 үйлдвэрлэлийн салбартай: хөдөө аж ахуй, аж үйлдвэр. Аж үйлдвэрийн салбар аль нэг бүст илүү байх ба хөдөө аж ахуйн салбарын хувьд анхны нөхцөлд нь ижил. Тэгэхээр стандарт худалдааны загваруудтай ижлээр аль нь илүү өрсөлдөх чадвартайгаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ, тэр хэмжээгээр тухайн бүсд чиглэх 'centripetal' (төвд тэмүүлэх) хүчийг үүсгэнэ. Иймээс тэр бүс аж үйлдвэрээр төрөлжинө. Харин нөгөө бүс нь хөдөө аж ахуйн салбараар төрөлжих ба энэ үед тухайн бүс аж үйлдвэрийн бүсийг ХАА бүтээгдэхүүнээр хангана.. Энэ бол бүс нутгийн эдийн засгийн суурь загвар Диксит-Штиглитцийн "Core-periphery model" юм. 
Тэгвэл энэ онолыг бодит байдал дээр жаахан буулгая л даа. Монгол улс засаг захиргааны нэгжүүдийг төвлөрсөн төлөвлөлтөөр хувааж, газар нутгийн заагийг тогтоож өгсөн байдаг. Тэгээд тухайн үед тэнд нүүдэллээд явж байсан малчин ардыг тэр аймаг, сумандаа бүртгэчихсэн. Гэтэл нэгэн малчин өөрийнхөө харъяалагдсан нутагт дасч чадахгүй, эсвэл мал нь тэнд идээшихгүй бол нүүнэ биз? Хэн тэр хүнийг "чи наанаа заавал бай" гээд шахав гэж. Тэгээд хэдэн сумын нутагт нэг сайхан үйлдвэр байгуулагдсан, мөнгө өгч ажиллуулдаг болохыг сонсоод тийшээ зүглэхээр шийдэж л дээ. Тэгвэл яг тэр малчин тухайн сумд амьдардаг, ижил амьдралын нөхцөлтэй 20000 хүнээр үржүүлээд үз... Тэр сум одоо бараг зэлүүд болчихлоо... 

ЭЗСургуулийн хүндэлж явдаг нэгэн багш маань семинар дээрээ ярьж билээ. "АНУ, Хятад зэрэг улсуудын хотууд байгалийн жамаар үүссэн. Тийм ч учраас эдийн засаг нь бат бэх, хүн ам нь суурин байж, цаашид хөгжиж чаддаг" гэж. Харин газар зүйн онцлог зэргийг нь огт бодолцохгүйгээр хүмүүсээ "хиймлээр" байршуулсан хот, аймгуудад хуваачихлаар аргагүй л дээ. 

Улаанбаатар хотод бүх үйлдвэрүүд, цахилгаан станцууд байгуулагдаж байхад ажиллах хүчин нь орон нутгаас хүрээд л ирнэ. Нэгэнт ажилчидтай болчихсон, үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа хотод хөдөө орон нутгаас улам их хүн ирсээр байна. Гэвч зах зээлийн үр ашиггүй байдал үүсч, шилжиж ирсэн бүх хүмүүст ажил олгож чадахгүй. Ингээд ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал талийж одно. Хэрэв социализмын үед байгуулсан үйлдвэрүүдийн газрыг бүс нутгийн шинжилгээн дээр суурилж сонгосон бол Монгол улс УБ хот биш, хавтгайрсан хөгжилтэй болох байсан ч юм билүү...

Хүн бүрийн рациональ шийдвэр бүгдийх нь иррациональ шийдвэр болноо гэж...

No comments:

Post a Comment