Tuesday, June 9, 2015

Лемоны зах зээл хүмүүсийн дунд.

Ижилхэн төрлийн машиний хоёр зах зээл зэрэгцэн оршиж байв. Зарагдаж буй машины чанар хоорондоо тэс ондоо ч гэсэн харахад ялгаагүй. Худалдан авагчид бас хэн сайн, хэн муу машин зарж байгааг мэдэхгүй. Энэ зах зээл яах бол? Хэрвээ дунд түвшний микро эдийн засаг хичээлийг судалсан бол энэхүү Лемоны зах зээлд юу болохыг гадарлаж байгаа байх. Логикоороо хөөж бодож ч болно...

Юу болох вэ? 1970 онд Жорж Акерлоф "The Market for Lemons: Quality Uncertainty and the Market Mechanism" ажлаараа мэдээллийн тэгш бус байдлын эдийн засаг дахь нөлөөллийг эдийн засгийн томъёоллоор тодорхойлсон. Энэ  чиглэлийн судалгаагаар Ж.Стиглиц, М.Спенс нарын хамт Нобелийн шагнал хүртсэн юм. (Сониноос Акерлоф Холбооны Нөөцийн Банкны эмэгтэй ерөнхийлөгч Жанет Иеллэний эр нөхөр шүү дээ :)

Лемоны зах зээл дээрх машины наймаачид үнэн чанар нь ямар байхаас үл хамааран худалдан авагчдад бараагаа сайн чанартай л гэж сурталчилдаг. Бүгд "сайн чанарын" бараа болохоос хойш үнэ нь ч чанаргүй бараанаас үнэтэй тогтоно. Гэвч хугацаа өнгөрөх тусам энэ сайн муу хосолсон нууцлагдмал зах зээлээс муу чанарын барааг илүү үнээр авсан худалдан авагчид ундуйцаж, бусдад зарлаж эхлэнэ. Ингээд тухайн зах зээл дээрхи хүлээлт буурснаас эрэлт бүтнээрээ унах болно.
Лемон
Энэ үйл явц чанартай бараа зардаг "үнэнч" худалдагчдын сайн наймаа хийх хөшүүргийг бууруулж, бүх барааны чанар ерөнхийдөө муу болоход хүргэх ба эцэст нь энэ зах зээл сүйрэх дээр ирнэ.

Энэхүү "market failure" хүмүүсийн дунд ч, тэр тусмаа хөдөлмөрийн зах зээл дээр дөнгөж хөл тавьж буй залуучуудад тохиолдож болно.

Хэрвээ та "лемоны" зах зээл дээр сайн муу чанартай 2 төрлийн машин оршиж байгаад эдийн засгийн хөшүүрэг буурснаас болж зах зээл тэр чигээрээ муу машин худалддаг болсныг ойлгосон бол залуучуудын дунд юу болохыг бас таамагласан байх!

Чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж, сурах чухал гэдгийг мэддэг залуучууд цөөнхи үед "тэднээс ондоо" хэсэг бүлэг залуус яг тэдэн шиг мэдлэг чадвартай, өөртөө итгэлтэй загнаж, дүр үзүүлж чадах болно. Ажил олгогчид, сурган хүмүүжүүлэгчид тэдний толгойд юу байгааг харж чадахгүй, хэн нь өөртөө үнэнч гэдгийг мэдэхгүй, ялгахгүй.

Энэ хандлага "сайн" залуусын урмыг хугалж, "муу" байсан ч болох л юм шиг байна гэсэн бодол төрүүлнэ. Энэ бодол тэдний үйл хөдлөлөөр илэрч эхэлмэгц тэр хөдөлмөрийн зах зээлийн чанар уруудаж эхлэх. Уруудахдаа цаст уулаас өнхөрж буй бөмбөлөг мэт уруудах тусмаа хурдалж, чанар тэр их хэмжээгээр унасаар...

Арай гутранги логик байна л даа...

Гэхдээ хааяахан,.. заримдаа л.. нэлээд удаа... би үүнтэй төстэй зүйлийг үеийнхээ залуучуудаас хардаг. Биенээ нэг зүйлд сэтгэл шулуудан зүтгэж байхад нь эргэлзлийн харанхуй руу үгээрээ түлхэж орхидог хүмүүс байдаг. Өөрсдөө тэгэж чадахгүй эсвэл залхуурсан болоод тэр. Тэр үгийг сонссон залуу өөрийн хичээл зүтгэлдээ эргэлзэж эхэлснээр түүний "чанар" муудаж эхлэнэ...

Эдийн засгийн онолоос гарсан Лемоны проблем энэ тохиолдолд хүний сэтгэл хөдлөлөөр илэрч байна. Урам хугарал, эргэлзээ, гутрал, айдас... Зүтгэж байгаа хүний өмнө садаа болох үг толгойд чинь орвол тэр үгээ залги. Эсвэл өөрөөсөө би юунд ингэж зүтгэл гаргаж байлаа гээд нэг асуу! Гол нь тэр хүний  итгэлийг битгий хумсал. Зүгээр л орхи.

Бүрэнбатын Ануударь,
Тилбургийн Их Сургуулийн номын сангаас,
2015.6.9

Note: Abruptly had the idea of the Lemmon's problem in labor market. For no one in particular.

No comments:

Post a Comment