III сарын 19-нд орой дадлагаа тараад нэгэн найзын хамт гэрийн зүг гэлдэрлээ. Зүгээр "нэгэн" найз ч биш, нэлээд зузаан найз. Арван жилээ төгсөөд 4 жил явахад тэр найзтайгаа сайн муу чанараа мэдэлцэж, нэлээд дасч. Түүний гэр бүл бизнес эрхэлдэг, нэлээд томыг. Гэвч хөрөнгө байвч хувь хүний үнэ цэнээ хадгалсан тэр найз маань ухаалаг, хичээнгүй бас их ааштай (sorry хүүхдэээ). Тэгээд 19-ний орой алхаж явтал тэрээр компанийхаа талаар нэлээд сонирхолтой зүйлсийг ярьж өгснийг энэ нийтлэлдээ сийрүүллээ.
Бизнес эрхлэгч бүрийн мэдэх "ёстой" гэдэг маркетингийн 7P (product, prices, promotion, place, packaging, positioning, people) зарчим ганц дээд боловсрол эзэмшсэн хүн байдаггүй ч цогцоороо тэнд бүрдсэн байдаг ажээ. Найзын маань хэлж байгаагаар үнэхээр тэнд ганц ч маркетингийн хичээл авсан хүн байхгүй бололтой. Аав ээж нь дээд сургуульд суралгүй Солонгос улсад халаас хоосон очсон. Шаргуй зүтгэн ажиллаж, тэндээ танигдаж чадсан учраас тэндхийн технологи, зохион байгуулалтыг суралцаж, өөрсдийн шинэ бүтээлч санаагаар баяжуулж, эх орондоо гаргах боломжийг олж авч чадсан болов уу.
Зохион байгуулалтын хувьд тэр үйлдвэрт 5 цех бий. Тус бүрдээ хариуцсан даргатай, ба тэр бүх үйлдвэр, удирдлагыг барьдаг 3 захирал ажиллана. Нийтдээ 70-80 ажилчидтай учраас хүний нөөцийн алба ч гэх үү тийм тусдаа нэр байхгүй. Гэвч нэгдсэн удирдлага нь хүний нөөцийн бодлогоо час хийтэл явуулдаг мэт санагдсан юм. Яадаг гэхээр шинэ ажилчдыг гэр бүлээр нь ажилд авна. Байр сууц хэрэгтэйд нь хүүгүй зээлээр байрны мөнгө өгнө. Эсвэл бүр яаралтай бол хашаа байшин авч өгнө.
"Тэргүүн хатагтай" өөрийн биеэр үйлдвэрээ зохион байгуулж, ажил бүрт оролцох ба 7 хоног бүр бүсгүйчүүдээ дагуулж, гарна, ууна, дуулна, сууна. Хувийн амьдрал нь асуудалтай нэгэнтэй нь дотночилж эвтэйхэн ярилцаад асуудлыг нь шийдлийг санал болгоно. Дарга цэрэг гэсэн эрх мэдлийн босоо тогтолцоо бус "ахаа эгчээ" гэсэн гэр бүлийн харилцаа тогтчихсон учраас тэр байгууллага ийм хүчтэй, орчин үед ярьдагчлан "synergy" гэгчтэй байдаг болов уу.
Харин бүтээмжийг яаж хөшүүргэдэх гээч? Мэдээж хэн бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн арга бол хийснийх нь хэрээр цалинжуулах явдал юм. Тиймээс цехийн ажилчид аль болох олон бараа гараас гаргахыг хичээнэ. Ингээд ярилцаж алхахдаа олон бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч хяналт байхгүй бол асуудалтайг бодож асуулаа. Бүтээгдэхүүний гологдлыг яаж хянадаг юм бэ гэж.
Цех бүр нь урьдны цехээсээ ирсэнг нь хянаж, гологдлыг нь ялгадаг ажээ. Эндээс хамгийн сонирхолтой санагдсан нь тэдний удирдлагуудых нь өрсөлдөөн бий болгох арга барил. Аль нэг цехэд нь гологдол их ирүүлсэн байна гээд маргалдаан үүсгэчихнэ. "Манайх ингээгүй, танайх тэгсэн" гэхчлэн ганц сайн маргалдаж авсны дараа цех бүр гологдол гаргахгүйн тулд шаргуй зүтгэнэ. Эцсийн бүтээгдэхүүн бэлэн болоод гарсны дараа хамгийн бага гологдолтой цехийг нь урамшуулна. Ингээд л тус үйлдвэрийн хувьд цех бүр гологдлыг минимумчлах үйл ажиллагаа явуулснаар гологдол бага түвшинд хүрч буурдаг аж.
Одоо борлуулалтын тал дээр ганц зүйл ярья (мммм..бичье). Ам.долларын ханш өнгөрсөн зунаас хүчтэй хэлбэлзэж эхэлсэн учраас дотоодын үйлдвэрлэгчдэд түүхий эдээ гаднаас авахад нь дарамт үүсч эхэлсэн. Харин тус байгууллага нөөцөө өмнө нь авчихсан байсан ба үнээ нэмэх дарамт хараахан үүсээгүй байсан байна. Тиймээс саяхан хэрэглэгчиддээ "манайх 7 сарын 1-нээс үнээ нэмнэ" гэж зарлахад агуулах нь урьд урьдынхаасаа хамаагүй хурдан дуусч, шинэ барааны үйлдвэрлэлээ эхлүүлэх шаардлагатай болсон гэлээ.
Хэдий өнгө үзэмжийн хувьд яг ижил бараа үйлдвэрлэдэг олон газрууд байдаг ч анхнаасаа чанартай дамжлагаар явагддаг энэ үйлдвэрийн барааг хэрэглэгчид илүү үнэтэй ч өргөнөөр авдаг. Учир нь энэ байгууллага аль хэдийн Монгол брэнд болсон бөгөөд тэдний бүтээгдэхүүнийг авах нь "нэр төрийн баталгаа" болох ажээ.
Энэхүү нийтлэлийг бичихийг зөвшөөрсөнд нь ааштай охиндоо баярлалаа ;)
Б.Ануударь
No comments:
Post a Comment